Чөлөөт бөхийн “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр энэ сарын 9-нд эхэлсэн Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-т оролцохоор өчигдөр тус улсыг зорилоо. Э.Бэхбаяр гавьяат ийнхүү гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэх гэж байгаа нь энэ юм. Түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери) “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багаас хүч үзэхээр болжээ. Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 2-3 барилдаан хийгээд байна. Э.Бэхбаярын хүчин зүтгэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.
Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана
2018 оны 01-р сарын 17 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )