УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

2018 оны 01-р сарын 17 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baasanhuuuuu

Ярилцлагын мастер, МУСГЗ, нийтлэлч Б.Ганчимэг УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй 4 удаа ярилцлага хийсэн юм байна. Сониуч зан хөдлөөд бүгдийг нь харьцуулан жишиж уншиж  үзлээ. Саяхан “Би Ц.Элбэгдорж дээр ороод  “Сайн байна уу, одон өгөөч гэж гуйсан”  гарчигтай шинэ ярилцлага нь нийтлэгджээ. Уншигч олны сонирхлыг  ихэд  татаж буй аж. Ярилцлагыг хөтлөгч  өмнөх үгэндээ  “Уншигч та зарим үед уурсаж, зарим үед инээж бидэнтэй хамт байна гэдэгт би найдаж байна” гэж өгүүлсэнчлэн үнэхээр ч бага зэрэг уурсаж, бас инээж уншив. МАХН-ын дарга хэн  байхыг шүүхээр шийдвэрлэх  гэж буй эгзэгтэй үед О.Баасанхүү ярилцлага өгсөн нь уншигчдын сониуч занг хөдөлгөж буй биз ээ.

2014 оны 5 дугаар сард “Би Н.Энхбаярыг хаан байхад нь уулзаагүй”,  2015 оны 4-р сард “Тэр ММС  хүссэн ч, эс хүссэн гадаадын компани”, 2017 оны  6-р сард “Миний урам маш их хугарч байна” ярилцлагууд нь гарч байсан байна. Эдгээр ярилцлагад О.Баасанхүү гэдэг хүн юу юу гэж хэлж байсныг харьцуулж харлаа. Санал бодлоо хэлье.

Дээр дурдсан ярилцлагуудыг гол төлөв ямар нэг сенсаци, шуугианд  нэр холбогдсон үедээ тэрбээр өгч байжээ.  Анхных нь  тухайн үед Хуульзүйн сайдаар ажиллаж байсан  Х.Тэмүүжинг огцруулахаар тэмцэлдэж байхдаа, хоёр дахь нь МАХН Засгийн газарт хамтарч орсны дараа,  гурав дахь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд   нэр дэвшигчид  тодрохын өмнөхөн, удаах нь МАХН-ын  хууль ёсны дарга хэн байхыг шүүхээр  шийдвэрлэхийн өмнө. Ярилцлага бүрт  Н.Энхбаяртай холбоотой асуулт ёс юм шиг давтагджээ. Хариулт нь харин янз бүр байгаа нь тун сонин.

Түүний улстөрийн замд  орохоор гишгэсэн эхний шат бол яах аргагүй шүүхээр маргаантай байсан МАХН-ын нэрийг шүүхэд бүртгүүлэх асуудал. Дараагийнх нь баривчлагдах дээрээ тулж  хүнд байдалд орсон Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярт хачиг шиг наалдаад “даргаа би таныг өмгөөлье” хэмээн сайн дураараа оролцсон явдал.  Харин тэр өнөөдөр өөрийг нь сүүдэр мэт дагах  “Н.Энхбаярын” гэх тодотголоо авч хаяхыг хүсч байна.   “Би Н.Энхбаярт өргүй, би түүний өмгөөлөгч байгаагүй” зэрэг үгсийг ч сүүлийн үед амнаасаа унагах болж. Тэрбээр 2014 онд  “Н.Энхбаяр даргын баривчилгааны үед  телевизэд яриа өгөөд байж байтал  Н.Удвал сайд над руу утасдаад “Хүүшээ болохоо байлаа, Н.Энхбаяр даргыг хүмүүс зодчихлоо ш дээ. Буу зэвсэг гаргачихлаа” гээд ярьсан. Юу боловоо гээд би ч сандраад яваад очсон. Нэгдүгээр асуудал, би ороод даргаа та өмгөөлөгчтэй биз дээ гэж асуусан. Тийм ээ, Ганбаатар, Шинэн гэж хоёр өмгөөлөгч байгаа гэсэн. Танай өмгөөлөгч нар таныг баривчлах тухай мэдэж байгаа  юу гэж би асуусан. Харин гэнэт л ийм юм боллоо гэж дарга хэлсэн. Тэгээд одоо яах вэ. Би өмгөөлөх эрхтэй. Гэхдээ хоёулаа гэрээ байгуулъя. Яагаад гэвэл энэ чинь маш ноцтой асуудал учраас ингэх ёстой гээд. За, тэгье гээд хоёулаа итгэмжлэх бичсэн. Цаасан дээр О.Баасанхүүг би өөрийн өмгөөлөгчөөр авлаа гэж. За, одоо би оролцох эрхтэй боллоо шүү гээд шууд ажлаа эхэлсэн” хэмээн ярьж. Харин нэг жилийн дараа болохоор Жишээлбэл, та өмгөөлөгч байхдаа Н.Энхбаяр даргыг эмнэлэгт байлгаж байгаад л гаргачихсан” гэсэн сэтгүүлчийн асуултад  Би эмнэлэгт байлгаагүй шүү дээ.  Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байгаагүй гэдгээ та нарт мянган удаа  хэлж байна даа” хэмээн хээв нэг хариулсан байх юм. Туршлагатай ярилцагч харин түүний энэ хээв нэг худлаа залдаг өвчнийг зориуд “мартагнаж” өнгөрөөсөн бололтой. Б.Ганчимэг сэтгүүлч түүнтэй хийсэн анхны ярилцлагаасаа эхлээд л О.Баасанхүү гэдэг энэ хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, эргэж буцсан, хүнийхээ хувьд тун өөдгүй нөхөр болохыг нь өөртөө нээж эхэлсэн байж болох юм.  Тэгж надад санагдсан.

О.Баасанхүү өнөөдөр өөрийгөө улстөрд татаж оруулсан хүн нь Н.Энхбаяр биш Ц.Шинэбаяр  хэмээн ширэв татан байж хээв нэгхэн хэлж чаддаг болжээ. Энэ нь сүүлийн ярилцлагаар нь тодоос тод илрэв.  Уг нь О.Баасанхүү өмнө нь  “Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд нэг л зүйл байгаа. “Н.Энхбаяр дарга надад “Чи маш цэвэрхнээрээ улстөр рүү орох ёстой шүү. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, би, өөр хэн ч байдаг юм бид нар энэ 24 жилийн бүх золиог цэвэрлэж дуусгаад дараагийн үедээ өгмөөр байна” гэж.  Энэ бол маш гүн үг. Үнэн үг. Ерөөсөө тийм л байхгүй юу” хэмээн сайрхан ярьж байжээ. Энэ хүний зам Н.Энхбаяр дарга дээр гүйж очсон өдрөөс эхэлж зурайж эхэлсэн төдийгүй тэр үйл явдалд оролцсоноороо шууд олны анхааралд орж ирсэн нь маргашгүй үнэн юм. 

Таны тагнуулын ерөнхий газарт хандсан нэг хүсэлт байгаа. Таны утсанд ирсэн мессежтэй холбоотой. Хууль зүйн сайдтай хийж эхэлж байсан тэмцэлтэйгээ холбож та тайлбарласан шүү дээ. Үнэхээр гэр бүлээ хамгаалахын тулд олон түмэнд зарлахаас өөр аргагүй байсан юм уу? гэсэн сэтгүүлчийн асуултад О.Баасанхүү: “98-тай утсаар ирсэн. Хүнийг нь тогтоосон. “Газар шороо” хөдөлгөөний  Мөнхбаярын бүлгэмд явдаг нэг нөхөр байсан. Би тэгээд ядарсан хүнийг дээрээс нь гишгэлээд яахав дээ гээд орхисон” гэж хариулжээ. Чухамдаа түүнийг дарамталсан гэх ямар ч баримт эндээс нотлогдож батлагдаж  харагдахгүй л байна. Харин тэр байн байн хамгаалалт авлаа гэх мэтээр шуугиулдаг байжээ. Тун саяхан Б.Ганчимэг сэтгүүлч О.Баасанхүү хоёрын хооронд цахим сүлжээнд сонирхолтой яриа өрнөсөн аж. Мань О.Баасанхүү түүнд би дарамтад байна, хамгаалалт авсан гэх утгатай яриа нисгэсэн бололтой юм. Түүнийг нь сэтгүүлч шууд олон түмний нүдэн дээр асууж. Гэтэл эрхэм гишүүн маань хээв нэг “Би огт хамгаалалт авч байгаагүй” хэмээн хариулжээ. Эл хариултад нь сэтгүүлч сэтгэл ханасангүй. Б.Ганчимэг “Та бид хоёрын дунд нэг ийм яриа болж байсан байх юм” хэмээн нэхэж асуутал цаадах нь “Аан тийм, би зүгээр үргээлэг болгож тэгж хэлдэг юмаа” гэжээ. Үргэлж баримттай харьцаж амьдардаг сэтгүүлч хүний өмнөөс өгсөн хариулт нь энэ. Өмнө нь түүний ярилцлагад орохдоо утсаар дарамтлуулсан тул ТЕГ-т хүсэлт гаргаж хамгаалалт авсан байгаа хэмээн тун тодорхой хариулсан байдаг юм байна. Баримт ийнхүү цагаан дээр хараар бичигдэж үлдсэн ч тэр угийн худалч хүн болохоор аргаа барахдаа “Би ийм үргээлгийн арга хэрэглэдэг” гэсэн эрүүл бус тайлбараас өөр үг хэлж чадсангүй. Ийм л барьцгүй, орон гаран, сэтгэцийн хувьд хэвийн эсэхэд нь эргэлзмээр үйлдлийг байнга хийж байдаг нэгэн хүнийг буюу УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Б.Ганчимэг сэтгүүлч өөрийн дөрвөн удаагийн ярилцлагаараа уншигчдад үнэн мөнөөр нь толинд тусгах адил тодоор нээж өгсөн байна.

Б.Ганчимэг сэтгүүлч О.Баасанхүүгээс Тэмүүжин олон дэмжигчтэй,найз нөхөдтэй. Та дэмжигчгүй, найз нөхөдгүй. Ингэхэд та багадаа хэр их хөвгүүдтэй нийлдэг байсан бэ. Нэг л ганцаардмал харагдаад байдаг юм гэж асуухад нь О.Баасанхүү

-Байгаа  ш дээ. Би жишээ нь, Ардчилсан намын анхдагч байсан Бошигтын хүүтэй  их ойрхон байсан. Аав нь түүнийг хутгалаад алчихсан. Та дуулсан байх. Бид хоёрын үзэл бодол их нийлдэг байсан гэж хариулжээ.

Хожим дахин ярилцлага хийх үеэрээ Б.Ганчимэг сэтгүүлч найзынх нь аав Г.Бошигтын тухай зориуд өдөж асуусан байна. О.Баасанхүү түүнд нь Ардчилсан намынхан энэ хүнийг суллах ёстой. Энэ хүн бол ардчиллын эцэг гэх маягийн зүйл хэлжээ. Тэгснээ сэтгүүлчийн түншсэн дараагийн асуултад Г.Бошигтыг шоронд очиж эргэхгүй, би юу гэж эргэх вэ дээ гэсэн байх жишээтэй. 

О.Баасанхүү сүүлийнхээ ярилцлагадаа шоронд хоригдож байгаа Г.Шийлэгдамбад сүрхий хайртай дуртайгаа илэрхийлжээ. Гэтэл түүнийг сайдын алба хашиж байхад нь: 

-Г.Шийлэгдамба чинь одоо ч давхар дээл өмсчихөөд суугаад байгаа шүү дээ. Сайдын алба хашиж байгаа хүн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг давхар хийж чадахгүй л дээ. Би үүнийг бас шаардаж байгаа гэж хэлж байжээ. Энэ нь тэр биш харин би МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байх ёстой гэдэг утгаар бараг уншигдчих гээд байгаа юм.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг барьж гүйж багагүй оноо Эрдэнэтчүүдээс зулгаасан О.Баасанхүү өнөөдөр болохоор “Эрдэнэтийн 49 хувь гэх сэдэв надад гай болсон” гэж ярьж байх жишээтэй. 

Монголын ард түмэн, тэр дундаа Эрдэнэтчүүдийн хувьд энэ 49 хувийг монголын Төрд авах ёстой гэсэн байр суурь маш өндөр хувьтай байсан. 2013 оноос хойш л энэ сэдвийг тойрч ярьцгаасан шүү дээ. Одоо л хүмүүс энэ юу болчихов гээд шуугиад байгаа болохоос та хэрэв санаж байгаа бол би тантай өмнө нь ярилцаж байхдаа энэ сэдвийг байнга хөнддөг байсан. Процесс явж байгаа гэдгийг өөрөөсөө хамаарах, өөрийнхөө мэдэж байгаа бүх хүрээнд олон түмэнд нээлттэй мэдээлж ирсэн. Аливаа хөрөнгийг авдаг гурван арга бий. Хэлэлцээрийн аргаар, шүүхийн арга буюу хуулийн аргаар, гуравдугаарт, дайчлах арга. Сая бол МАН-ынхан 49 хувийг дайчлан авахаар тогтоол гаргачихсан. Уг нь бол дайчилж авч байгаа бол хэлэлцээргүй шууд авдаг….” гэж О.Баасанхүү Б.Ганчимэг сэтгүүлчийн ээлжит ярилцлагад орохдоо ярьж байсан аж. Сонгуулийн үеэр ингэж ярьж ярьчихаад одоо энэ сэдэв надад өчүүхэн ч санал авчраагүй ээ гээд тууж яваа хүнийг ер нь юу гэж ойлгох вэ. Б.Ганчимэг сэтгүүлч түүний энэ мэт ороо бусгаа байдлыг мэддэг атлаа мэдэн будилсан дүр эсгээд ийнхүү мөшгөөд ярилцаад явдаг нь ерөөсөө энэ сонин ДҮР-ийг монголчуудад нээн харуулах зорилготой байсан юм биш үү гэж өөрийн эрхгүй санагдаж байна.

Сүүлчийнхээ  ярилцлагад гавъяат сэтгүүлч маань түүнд Таныг үр могой шиг аашилж байна, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн хүнийг унагах гэж хөлийг нь хөрөөдөж байна, өөрийнхөө улстөрийн эцгийг гомдоож байна, хууль бус эргэлт хийх гэж байна гэж хүмүүс ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх бол” гэсэн яггүй асуулт тавьжээ. Түүнд нь О.Баасанхүү “Намайг улстөрд оруулсан хүн бол Ц.Шинэбаяр.  Ц.Шинэбаяр гишүүн би энэ намаас явлаа, намайг маш их гомдоолоо. Миний дүү тэсэж байгаад жагсаалтаар УИХ-д ороорой. Шинэ хүн байх ёстой, ах нь  ингэж царай алдаж явахгүй ээ гэж хэлсэн. Намайг ингэж улстөрд оруулсан хүн Ц.Шинэбаяр гишүүн. Би тэр хүнд өртэй” гэж хариулжээ. Уг нь тэрбээр Н.Энхбаяр гэдэг өндөрлөгт очиж наалдаж явж Ц.Шинэбаяртай дараа нь уулзаж учирсан баймаар. Гэтэл цагаан дээр хараар бичсэн хариултыг нь уншигч та одоо уншиж байна. Нэмж бас нэг зүйлийг хэлье. О.Баасанхүү гишүүн Б.Ганчимэгтэй хөөрөлдөхдөө Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Дугаржав, Ц.Шинэбаяр зэрэг хүн надад тав таван сая төгрөг өгсөн. Манай намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэг хүн 100 сая төгрөг хандивласан гэх зэргээр хуурамч, хууль бус хурал хийх мөнгөө яаж босгосноо ярьжээ. Гэтэл хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүн Д.Тэрбишдагва телевизийн ярилцлагаар би Баасанхүүд 5 сая байтугай тавин мянган төгрөг өгсөн бол УИХ-ын гишүүнээсээ огцроход бэлэн байна гэж эрс няцааж байх жишээтэй. Ийм хүний үгэнд итгэж болох уу, та минь. 

Түүний өнгөрсөн, одоод ярьж буй үг, үйлдэл бүр нь өөрөө өөртэйгөө байнга зөрчилддөг нь  гайхмаар аж. Тэмээ гэснээ ямаа гээд, ямаа гэснээ янгир гээд  үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өөрийн овоглосон намаасаа нэр дэвшигч С.Ганбаатарыг огтхон ч дэмжээгүй нь үнэн. Бүр  “Зөв сонголт хийцгээе! О.Баасанхүү” гэх үгтэй самбар хадаж  намынхаа нөхдийн нүүрийг түлж байсан.  Хэр баргийн нөхрийн дотрыг уудалж, үг алдуулдаг туршлагатай сэтгүүлч Б.Ганчимэг намынхаа эсрэг ажилласан  эсэхийг түүнээс асуухаа мартсангүй. Харин мань эр өнөөх сурсан зангаараа  “Мэдээж С.Ганбаатарыг л дэмжинэ ш дээ”  гэж худал залжээ. Үйлдэл нь бүхий л баримтаараа үлдчихсэн байхад л ийнхүү сийхгүй залж суух ч гэж дээ. УИХ-ын нэр төрийг мөн ч хөөдөж байна даа Баасанхүү гишүүн. Иргэд Их Хурлыг эргүү тэнэг, солиотой гажуутайгаар нь дуудах болж. Баасанхүү шиг нэг биш нөхөр тэнд байгаа болохоор аргагүй шүү дээ.

Уг нь тэр ард түмний зарим хэсэгт  шударга үнэний дуу хоолой мэт харагддаг. О.Баасанхүү тагнуулч Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг  эсэргүүцэж, илтэд түүнийг хамгаалж хайцаалсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлж, хардлагыг нь баталсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцын машины  хонины хонхорт явдаг хүн” гэсэн нь санаандгүй унагасан үг биш. Ж.Батзандан нь түүнтэй бас л чамгүй ойр явсан нэгэн шүү дээ. О.Магнай нарын нийгмийн хөдөлгөөний залуустай бүгдтэй нь л ойр явсан уу гэвэл явсан, одоо холдож хөндийрсөн үү гэвэл хөндийрчээ. Хүмүүс яагаад түүнээс салан одож, тэр хариу эсрэгцэн довтолж харагдах болов оо. Хэнээс болсон нь Б.Ганчимэгийн ярилцлагуудаас тааж ядах юмгүй харагдаад байх шиг.  

Эгэл  ардын хүү, эцэж ядарсан ард түмний төлөөлөл гэх имиж бүрдүүлэхийг хичээдэг О.Баасанхүү саяны ярилцлагаараа Монголын тэргүүн баяны хамаатан, мөнгөөр ангаж цангахгүй хүн гэж өөрийгөө чангаар зарлалаа. Мэдээж Б.Ганчимэг сэтгүүлчийн ярилцлагаар цацагдсан хамгийн гайхалтай мэдээллийн нэг нь энэ байсан байх. Тэр хүн нь хэн бэ? Аягүйдвэл нэг сайхан өдөр О.Баасанхүү гишүүн “Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Миний хамаатан хүн шүү дээ” гэж хэлэхээсээ ч буцахгүй дагаа. Мянгуужин шиг бурдаг эр аж.

Нэгэн үеийн хуульч, нэг сургуулийн төгсөгчөө Хууль зүйн сайдын суудлаас  авгай хүүхний асуудлаар түлхэн унагасан нь, үе тэнгийн бүх хуульчидтайгаа нийцгүй явдаг нь, тэр ч байтугай тэднийхээ эсрэг дан хор найруулан хутгаж үймүүлж явдаг нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд илтэд намынхаа эсрэг нь ажилласан нь, намын хуурамч их хурал гэгчийг их эртнээс төлөвлөн зохион  байгуулж өөрийгөө   намын даргын сэнтийд албан бусаар залчихаад  байгаа нь О.Баасанхүүгийн мөн чанарыг нотлон харуулж, үнэн мөнөөр хэлж өгөөд байгаа юм биш үү? Одоо түүний биеийг ороосон олон давхар хальс нь хууран унаад дуусч буйг илтгээд байгаа нь энэ юм биш үү? Ярилцлагын нэрт мастер, МУСГЗ Б.Ганчимэг түүнийг хэдэн жилийн турш уриалгаханаар урьж ярилцсаар байгаад, үнээ мал, үхэр тугал элдэв сэдвээр буу халуулсаар байгаад нүцгэлж орхижээ гэж надад эрхгүй бодогдож байна. Та бид “шалдан” Баасанхүүг толинд туссан мэт тодоор харж байна. Өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй ажээ. О.Баасанхүү гишүүн одоо Эрдэнэтчүүддээ очоод юу ярих бол. Танай Эрдэнэтийн 49 хувь тойрсон сэдэв надад гай болж байна гэдэг алдарт үгээ чангаар хэлж чадах болов уу? С.Зоригийн хэрэгт яллагдсан Эрдэнэтийн хэдэн хүний төлөө юу ч хийгээгүйгээ хэлж чадах болов уу? Б.Хурцыг хамгаалан амь тэмцээд гүйж яваагаа ярих болов уу?  Энэ бүхэн бол түүний өөрийгөө ороосон, өөрөө хутгалдаад буцаж гүйж гарсан, урваж шарвасан, уярч няцсан, хуурч мэхэлсэн бүх хэргийнх нь тухайд бүрэн гүйцэд дэлгэж тавьсан нь хараахан биш гэдгийг уншигч та эрхбиш гадарлаж байгаа байх. Сэтгүүлч Б.Ганчимэгийн дөрвөн ярилцлагаас О.Баасанхүүг олж харсан зурвасхан ажиглалт төдий л зүйл юм. Бадарчин явсан газар балагтай гэсэн мэргэн хэллэг монгол хэлний үгийн санд бий. Баасанхүүгийн зорчсон мөр балчигтай ажгуу.

Ц.Ганхүү

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх