Дэлхийн энтэй бөхчүүд өрсөлдсөн өдрүүд

2018 оны 01-р сарын 16 өдөр, 14 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26856763_1281610278637134_835524464_n

Эрдэнэтчүүд Хангарьд паласаас уяатай мэт гурван өдрийг үдэв. Зууны манлай бүтээн байгуулалт, их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг дэргэдээс нь үзэх ховорхон боломж олдсон нь энэ. Чөлөөт бөхөөр “амьсгалж”, дэлхийн энтэй бөхчүүдийг хажуунаас нь харж, огшиж суух энэ гурван өдрийг Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хорооныхон нутгийнхандаа өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилд зориулсан олон сайхан үйлсийн  анхных ингэж эхлэв.

Хэдийгээр бүгчим халуун байсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээр, эр зориг, уйгагүй зүтгэлийн хөлс хамтдаа үнэртсэн бөхийн дэвжээ, Хангарьдын танхим цаанаа л дотно. Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж, элэг нэгтнээ нулимстай нь бас хүндэтгэлтэй нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг чөлөөт бөхийн “овгор”-ууд хуран цугласан болоод ч тэр үү дэндүү бахархам мэдрэмж энд төрөөд байв. “Монгол минь байдаг” дуугаар хөг нэмж, морин хуурын аялгууг хөөмийн өвөрмөц чимээтэй хоршуулан хүргэсэн Эрдэнэт чуулгын уран бүтээлчдийн тоглолт ч тамирчдын сүр хүчийг улам бадруулах шиг санагдсан.

Монголын Чөлөөт бөхийн Холбоотой хамтран зохион байгуулсан 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн. Тэрбээр “Чөлөөт бөхийн төрөл бол Монгол улсын  нэрийн хуудас болсон гайхамшигтай спортын төрөл гэдгийг та бид бүгд мэднэ.  Тэртээх 50  жилийн өмнө Монгол бөх  Олимпийн наадмаас анх удаа медаль хүртэж байсан нь чөлөөт бөхийн тамирчин байлаа. Чөлөөтийнхний энэхүү гараа нь бид  Олимпийн аваргатай болох , зуун дамжсан үе үеийн алдартай бөхчүүд, тамирчдыг төрүүлэх дардан  замын үүдийг нээсэн юм.  Энэ бахархам түүхийг бүтээлцсэн Монголын Чөлөөт бөхийн Холбооны удирдлага, үе үеийн тамирчид, багш дасгалжуулагчид, нийт баг бүрэлдэхүүнд Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн нэрэмжит болгон зохион байгуулж буйд манай уурхайчид бэлгэшээхийн зэрэгцээ нэр төрийн хэрэг гэж талархан хүлээн авч байна ” хэмээн чөлөөт бөхийн хөгжил, Монголын спортод оруулж ирсэн хувь нэмрийг тодотголоо.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дөч дэх , эмэгтэйчүүдийн арван зургаа дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн энэ цаг үеийн хамгийн өндөр чансаатай, нэрт бөхчүүд зодоглосон нь 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог байв. Өөрөөр хэлбэл, чөлөөтийн бүхий л томчууд Эрдэнэтэд хуран чуулж, ур ухаанаа уралдуулсан гайхалтай барилдааныг үзэгчид, бөхийн хорхойтнууддаа толилууллаа. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл  медальт Г.Мандахнаран, хошой хүрэл медальт Э.Бэхбаяр нарын бөхчүүдээр түүчээлсэн тэмцээн энэ өдрүүдэд үзэгчдийн нүд сэтгэлийг баясгаж, чөлөөт бөхийн онцлогийг харуулсан  уран бөгөөд овсгоотой барилдаанаар дүүрэн байлаа. Олимпийн наадмаас аварга төрүүлэх боломжтой, өндөр түвшинд хөгжиж буй  гэж мэргэжилтнүүдийн дүгнэдэг чөлөөт бөхийн улсын аваргын энэ удаагийн тэмцээн нийт 10 жинд аваргуудаа тодруулсан. Өмнөх тэмцээнд долоон  жинд барилддаг байсан бол энэ жилээс арван  жин болгосон нь тэмцээний бас нэгэн онцлог байв. Тэгвэл  өөр нэгэн онцлогийг нь 2018 онд шил шилээ даган болох  Азийн аварга, Индонез улсад болох Азийн спортын наадам, Будапештийн  Дэлхийн аваргын тэмцээний өмнөх том сорилт болж байгаа гэж шүүгчид тодотгосон. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин нийт 10 жинд өрсөлдлөө. ОУХМ Д.Гомбодорж долоо, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг нар тус тус  дөрөв дэх удаагаа улсад аваргалж,  ОУХМ Л.Төртогтох, спортын мастер Б.Бямбадорж нар анх удаа улсын аварга болцгоов. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг  ОУХМ Д.Гомбодорж нар гурван өөр жинд улсын аваргын алдрыг хүртэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран энэ удаа долоо дахь түрүүгээ авч, дэлхийн энтэй хүчтэнүүд гэдгээ харууллаа. Мандахнаран  гавьяат дөрвөн өөр жинд аваргалж, ховорхон амжилтыг үзүүлсэн нь түүхэнд бичигдэх шигтгээ нь болов.  Гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр удаагаа аваргаар шалгарч,  спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анхны алтан медалиа хүртэв. Харин “Алдар”-ынхан  багаараа аварга болсон.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Алдар спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын  Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Сумьяабазар, Удирдах зөвлөлийн гишүүд, нэрт  бөхчүүд уригдан ирсэн нь тэмцээний нэг өнгө бас чимэг болсон.

Их спортыг хөгжүүлэх , тив дэлхийд улс эх орныхоо нэрийг дуурсгаж яваа үе үеийн тамирчдыг дэмжиж урамшуулахад онцгой анхаарал хандуулж ирсэн Эрдэнэт үйлдвэр энэ удаад ч ээлжит шагналаа  чөлөөтийнхөнд харамгүй хүртээж, тамирчдын бүх цаг үеийн үнэнч туслагч байсаар ирсэн гэдгээ дахин батлав. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж, Ази тивийн аварга, олон улсын болон улсын аварга  шалгаруулах тэмцээнд удаа дараа түрүүлэн онцгой амжилт гаргаж, Монгол улсын Гавьяат тамирчин цол хүртсэн Хангарьд спорт клубын чөлөөт бөхийн  тамирчин Эрдэнэбатын Бэхбаярыг Эрдэнэт үйлдвэр гурван өрөө орон сууцаар шагнасан. Гавьяат тамирчин Э.Бэхбаярт орон сууцны түлхүүрийг алд цэнхэр хадгийн  хамт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Х.Бадамсүрэн гардуулж, цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.  Ийнхүү чөлөөт бөхийн домогт аваргуудтай, энэ цагийн өнгөнд яваа нэрт бөхчүүдтэй, омогшил хиймориор дүүрэн үзэгчидтэй Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэтэд гурав дахь удаагаа болж, өндөрлөлөө. Улсын дээд зэрэглэлийн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Үндэсний сурын дархан мэргэн, Гавьяат тамирчин, тэмцээний зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ш.Даваахүү захиралтай Спорт ордон, Хангарьд спорт хорооны баг хамт олонд алга ташин, баяр хүргэх нь зүйд нийцнэ.   Олимпийн наадмаас аварга төрүүлж, олон олон амжилтын буухиагаа тасралтгүй авч яваарай гэж ерөөе, Чөлөөтийнхөндөө.

26994402_1281610121970483_773408227_n 26940482_1281610281970467_1481037540_n 26857703_1281609981970497_2077845742_n 26857365_1281610008637161_1919423036_n 26857104_1281610335303795_1747053099_n 26856301_1281610145303814_474493063_n

26943009_1281611858636976_267484679_n 26941249_1281611741970321_797683499_n 26857456_1281612218636940_1821185049_n 26857438_1281611041970391_1189090529_n 26857234_1281610275303801_1934051829_n 26857033_1281610345303794_1366455162_n

26856153_1281611608637001_128152246_n 26855768_1281611775303651_72998686_n 26804094_1281611071970388_738127626_n 26803424_1281611698636992_58115595_n

М.Балжинням

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх