Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын эзнээр хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл тодорлоо.
Түүний “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2018 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг ийнхүү хүртээв. УИХ-ын дарга М.Энхболд шагналын эзэнд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал гардууллаа. Академич С.Нарангэрэл энэ үеэр “1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багшийн нэрэмжит шагналыг гарын шавь нь “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээрээ хүртэж байгаадаа баяртай байна. Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад энэ нэр хүндтэй шагналыг хүртээхээр шалгаруулсанд талархаж байна” гэв.
Шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, гавьяат хуульч И.Дашням “Монгол Улсын төр, эрх зүйн түүх” хоёр боть цогц бүтээлээрээ, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрх зүйн онол” бүтээлээрээ хүртэж байжээ.