“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ гэж Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэний дагуу өнөөдрөөс энэ сарын 19-нийг дуустал уг ажлыг хийнэ.
Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараахь нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.
- Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
- Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
- Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
- Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
- Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
- Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.
Зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах гудамжууд:
Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж оржээ.