Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор өгнө

2018 оны 01-р сарын 12 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26803134_1278664322265063_1307736086_n

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Тус хуулийн төсөл батлагдсанаар хэлмэгдсэн иргэдэд нөхөн олговор олгох асуудал үүгээр эцэслэгдэх үү. Нөхөн олговроор 40-80 сая төгрөг олгох нь. Энэ хэр бодитой тавьсан мөнгөн дүн бэ” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Нийт 36 орчим мянга хүн хэлмэгдсэн гэсэн баримтыг холбогдох байгууллагаас нь гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар 31 мянгыг нь цагаатгасан. Одоо 5000 хүний материал цагаатгалаа хүлээж байна. Хуулийн төслийн гол агуулга нь хэлмэгдсэн иргэд, түүний үр хүүхдүүд зохих байгууллагад хэлмэгдсэн тухай гомдлоо гаргах эрх зүйн орчныг нь нээж өгөхөд чиглэгдэж байгаа юм. Хууль батлагдсанаар хоёр жилийн хугацаанд иргэд өргөдлөө гаргана. Мөн орон нутгийн иргэд аймагтаа өргөдлөө гаргах юм” гэсэн хариултыг өгсөн. УИХ-ын гишүүн Я.Санжмятавын хувьд, “Цаазын ял авсан иргэнд 80 сая, шоронд хоригдсон иргэн, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд 40 сая төгрөг олгох юм. Юуны өмнө тухайн иргэн өргөдлөө өгөх хэрэгтэй. Өргөдлийг нь хуулийн байгууллагаас хянаж тодорхой хугацааны дараа эцсийн хариу гаргах болно. Иймд барилгын компаниуд нөхөн олговор авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх байх” гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хэлмэгдсэн иргэдийнхээ нэрийг цагаатгаад нөхөн олговор олгож байгаа ч дахин ийм нийгмийн бараан үзэгдэл бүү гараасай гэх үүднээс музей байгуулж, соён гэгээрүүлэх ажлыг хиймээр байна. Хариуцлагын тухай асуудал байхаас хэлмэгдүүлэлт яавч Монгол Улсад байх учиргүй” гэв. Ингээд тус хуулийг бүхэлд нь батлах эсэх талаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ хэлмэгдүүлэлтийн сүүдэр дахин давтагдах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийллээ гэж МОНЦАМЭ мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Цэцэгээ
     (192.168.8..***)
    2018/09/09 18:55

    Урьд өмнө нь хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд өгсөн 1 сая төгрөг авсан бол дахин хамрагдахгүй биз дээ?

    (0) (0)