Адал явдалт, инээдмийн төрөл, жаннараар шинэ оны эхний салхийг хагалж буй “Ах дүү гурав” кино энэ сарын 12-нд кинотеатруудаар нээлтээ хийх гэж байна. Уг кинонд “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчид болон бусад жүжигчид хамтран тогложээ.
Тодруулбал, гол дүр болох ах дүү гуравт “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг, Манлай, Адъяа нар тоглосон бол, бусад дүрд МУГЖ Г.Мягмарнаран, жүжигчин О.Оюун, “Х-Түц”-ийн жүжигчин Н.Онон, “Шинэ үе” продакшны А.Энхжин, “Приүсийн босс” кинонд тоглосон М.Батзориг нарын уран бүтээлчид тогложээ.
Харин уг уран сайхны киноны зохиол, найруулагчид Ө.Мөнх-Эрдэнэ, продюсероор Х.Манлайбаатар, хоёрдугаар найруулагчаар С.Баттулга нар ажиллажээ.
Кино эхлэх мөчөөсөө л адал явдлаар аялуулан, инээдэм бэлэглэх “Ах дүү гурав” уран сайхны киноны үйл явдал тун хөгжилтэйгээр өрнөнө. Уншигч танаа киноны агуулгыг цухас сонордуулахад, “Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол Монголын нэгэн тэрбумтан. Залуу насандаа алдаж онож явсан тэрбээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй.
Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрбээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдана. Гэвч тэрбээр гурван хүүхдээ одоо чухам хаана байдгийг мэдэхгүй, хэнийх нь ч ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тиймээс өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авч ирэх хүндхэн даалгаврыг өгнө.
Ингээд кино эхлэхээс төгсөх хүртэл адал явдал инээдээр үргэлжлэх юм. 90 минут үргэлжлэх бүрэн хэмжээний адал явдалт, инээдмийн кино нь өнөөгийн нийгэм, улс төр, цахим ертөнц дахь хэрүүл шуугианд стрессдэж суугаа үзэгч таны алжаалыг инээд хөөрөөр тайлах болно гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулахад, киноны зураг авалтыг Дорнод аймгийн Буйр нуур, нийслэл хотод хийсэн аж.
|