Налайх дүүргийн цэргийн хэлтэст ажилладаг Э. гэх иргэн тус дүүргийн цагдаагийн хэлтэст охин нь алга болоод хэд хонож байгаа талаар өргөдөл өгсөн байна. Өргөдлийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн алга болсон 19 настай С-ийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингээд тус дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух, 22 настай Б.Бат-Өлзийг шалгаж эхэлжээ. Тэрээр цагдаа нарт “Би огт мэдэхгүй. Уулзахгүй болоод удаж байна” гэсэн хариултыг өгчээ. Ингээд 19 настай С ор сураггүй алга болоод дөрөв хонох үед цагдаа нар хамгийн сүүлд гар утсаараа хамтран амьдарч байсан Б.Бат-Өлзийтэй ярьсныг тогтоожээ. Үүнээс ээдрээтэй хэргийн сэжүүр тайлагдаж Б.Бат-Өлзий хамтран амьдарч байсан бүсгүйгээ хоолойг нь боож хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нартай хамт эмэгтэйн цогцос байгаа газрыг өөрөө зааж өгчээ. Хэргийн газарт очиход олон жилийн өмнө нүүрс гаргахаар ухаж байсан нүхэнд талийгаач эмэгтэйн цогцсыг хийсэн байжээ.
Н.Дөлгөөн