Сахарын цөл бол хойд Африкийн ихэнх хэсгийг хамран тогтсон дэлхийн халуун цэг юм. Гэтэл тэнд цас оржээ. Уг цөлд орших Алжирын Айн Сефра хотод сүүлийн 37 жилийн хугацаанд 4 дэх удаагаа цас орж байгаа нь энэ. Дэлхийд халуунаараа нэгдүгээрт ордог хотод 1-2 инч буюу 5-6 см-ийн зузаан цас орж, хотын захын элсэн манхнууд цасан бүрхүүлээр хучигджээ. Зарим газраа цасны зузаан нь 40 см хүрсэн байна. Өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 22-нд энэ хотод бас цас орж байжээ. 2016 оноос өмнө хамгийн сүүлд 1979 оны хоёрдугаар сарын 18-нд Айн Сефра хотод хагас цаг орчим цас ороход Африк даяараа байгалийн гайхамшигт үзэгдэл хэмээн гайхширч бурханд талархаж байсан гэнэ. “Цөлийн хаалга” гэх тус хотод өнгөрсөн оны нэгдүгээр сард цас орсон бөгөөд хүүхэд багачууд цасан хүн хийж, тэр ч байтугай цасаар хучигдсан элсэн манхан дээр цана чаргаар гулгаж тоглож байсан гэнэ. Айн Сефра хот нь далайн түвшнээс дээш 999 м өндөрт оршдог аж. Хэдийгээр өндөрлөг газарт оршдог боловч тус хотод цас орох нь тун ховор бөгөөд нэгдүгээр сард дунджаар цельсийн 6-12 градус дулаан байдаг гэнэ. Цасны зургийг хальснаа буулгасан гэрэл зурагчин Карим Бучеттата ярихдаа “Өглөө босоход цас орсон байхыг хараад бид үнэхээр гайхаж, баярлацгаасан. Ням гаригт өдөржингөө цастай байсан. Цас үдээс хойш хайлж эхэлсэн” гэжээ.