Ходоод хүний хоёр дахь тархи мөн үү

2018 оны 01-р сарын 08 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26755503_1275590642572431_340710002_n

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн “Ходоод хоёр дахь тархи мөн үү” нийтлэлийг уншигчдадаа толилуулж байна. Тэрээр сайн эмч, доктор, пофессор төдийгүй сайн нийтлэлч  билээ. Түүний бичсэн “Цагийн зурвас” ном нь унших дуртай,номонд хайртай хүмүүсийн талархлыг хүлээж буй.  Монголын маркетинг,менежментийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Grand Expo төслийн хүрээнд шинэ оны өмнөхөн салбар салбартаа тэргүүлэгч 100 эрхмийг тодруулсан билээ.  Энэ удаагийн шилдэгт  Ж.Цолмонгийн  “Цагийн зурвас” ном олноос шалгарч,гранпри хүртсэн юм. 800 гаруй хуудастай  “Цагийн зурвас” ном сургамжтай,даацтай,уншууртай бүтээл болсон гэдэгтэй зохион байгуулагчид санал нэг байсан юм. Харин удаа түүний ходоодоо хайрлахгүйгээр урагшлахгүй гэдгийг нийгэмд сануулсан уг нийтлэлийг уншихад заавал нэг юм бодогдоно. Ходоод бол хүний хоёр дахь тархи гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ нотолсон байна. Хэт их идэх нь хэнийг ч  таргалалт гэх аюултай учруулна,ходоод “хогийн сав” биш  Та нийтлэлийг болгооно уу.

Бид тархиндаа захирагдах уу, ходоодондоо захирагдах уу? Ходоодондоо захирагдах хандлага ихсэж байгаагийн шинж бол сүүлийн үед гудамжинд тааралдах таван хүний нэг нь тарган, илүүдэл жинтэй байгаа явдал юм. Илүүдэл жин нь халдварт бус өвчнөөр тэр дундаа зүрх судасны өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдог. Манай улс дэлхийн 193 орноос таргалалтаараа зуун хорин гуравт орж байна. Бид хойгуур байна гэж тайвширч болохгүй яагаад гэвэл бид Ази тивдээ таргалалт ихтэй оронд тооцогдоод байна. Бидний хөрш БНХАУ 157, Солонос 166, Япон 185-р байранд орж байна. Тэгэхээр манайх шиг хүн ам цөөнтэй, өвчлөл, нас баралтын гол шалтгааны эхэнд зүрх судасны өвчин орж байгаа тохиолдолд бүх нийтээрээ ухамсартайгаар таргалалттай тэмцэх учиртай. Яагаад ходоод биднийг удирдаад байгаа буюу “Хоёр дахь тархи” хэмээн үзэгдээд байгаа талаар шинжлэх ухаан болон физиологийн үүднээс тайлбарлах гэж оролдоё.
Бидний сэтгэл санаа, хоол идэх дуршил харилцан уялдаатайгаас гадна ходоодонд мэдрэлийн системд нөлөөлдөг мэдрэлийн эсийн тусгай төрөл байдаг бөгөөд түүнийг хүний “Хоёр дахь тархи” гэж эрдэмтэд үзэж, тэр тархи биднийг дараахь байдлаар хянаж байгааг тогтоосон байна.
Ходоод бидний өлсөх мэдрэмжийг  бий болгодог.  Грелин \ghrelin\ буюу хоолны дуршлын даавар “Хоёр дахь тархи”-д өлсөх үеэр бий болдог. Тэр даавар нь хоол идэх хүслийг ихэсгэдэг болон биеийн жинг зохицуулдаг. Мөн грелин даавар нь айдас, түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдэгийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл бид айсан, стрессдсэн үедээ өлсөж юу ч хамаагүй идэхийг хүсдэг. Энэ үед грелин даавар их хэмжээгээр ялгарч, “өлсгөлөн”-г хоолоор дарахыг уриалж эхэлдэг. Ходоод хоосон байх үед грелин илүүтэй ялгардаг. Ходоод дүүрч, ходоодны хана тэлэгдсэн тохиолдолд грелин даавар ялгарах нь зогсдог. Хоол идэх үед “вагус” мэдрэл цочирч, зовнилын мэдрэмжийг бууруулах дохио тархинд илгээгддэг учир хоол идэхээрээ бид хэсэг зуур тайвширдаг байна. Иймд аль болохоор стрессдэхгүй байх, стрессдсэн үедээ их хэмжээний хоол идэхгүй байх нь таргалалтаас урьдчилан сэргийлнэ. Хамгийн гол нь ходоодоо огт хоосон байлгахгүй байх нь зүйтэй. Бүүр болохгүй тохиолдолд ус ууж ходоодыг дүүргэвэл грелин ялгарах, хоол идэх дур багасгахад нөлөөлдөг. Өглөөний хоолоо заавал идэх нь өдрийн турш өлсөхгүй байх суурь болж өгдөг. Тийм учир манай монголчууд “Өглөөний хоолоо өөртөө, өдрийн хоолоо найздаа, оройн хоолоо дайсандаа” гэсэн үг байдаг нь эрт дээр үеэс манай өвөг дээдэс ямар мэдлэгтэй байсныг илтгэж байна.
Ходоод ( “хоёр дахь тархи”) нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг! Өлсөх үед ghrelin-ны агууламж нэмэгдэж ялангуяа тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг гэсэн судалгаа “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн. Ой санамжийг бий болгодог тархины “Hippocampus” хэсэг рүү грелин даавар үйлчилж бидний ой санамжийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Өлсгөлөнгийн үед тархины мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон илүүтэй ажиллаж, тархины тогтоох, цээжлэх, бодох чадамжийг нэмэгдүүлдэг. Энэ нь микро элементийн түвшинд нотлогдсон болно. Хэрэв ходоод бага зэргийн өсгөлөн байх юм бол хүнийг маш идэвхитэй болгодог. Энэ нь өлсгөлөн бай гэсэн үг биш харин хэт идэхгүй байхыг хэлж байгаа юм. Энэ талаар Нидерландын Утрехтийн их сургуулийн шинжээчдийн судалгаагаар өлсгөлөн байсан хүмүүс нь сайн хооллосон хүмүүсээс даалгаврыг хамаагүй илүү амжилттай хийж, шийдвэрийг илүү бодлоготойгоор гаргасан байна.
Ходоод бидэнд аз жаргалтай байх мэдрэмжийг өгдөг.  Хоол идэхэд аз жаргалын даавар болох серотонин ихэсдэг бөгөөд 90  хувь нь бүдүүн гэдсэнд бий болдог. Ийм учир бид хоол идсэний дараа аз жаргалтай байдаг нь энэ. Ингээд үзэхээр ходоод бидний сэтгэл санаа амгалан, аз жаргалтай байх, стрессдэж уурлаж, уцаарлах, хурдан түргэн сэтгэж бодох, зөв шийдвэр гаргах зэрэг үйлдэлд нөлөөлж байна. Тэгэхээр бид ходоодондоо захирагдах биш ходоодоо захирч амьдрах нь чухал байгааг сануулах юун.
Эмч хүний хувьд таргалалтаас урьдчилан сэргийлэх нэмэлт зөвлөмж өгөхөд илүүдэхгүй байх гэж бодлоо. Цусан дахь чихрийн төвшин буурах үед хүн их өлсдөг. Чихрийн төвшинг зохистой хэмжээнд байлгахын тулд хоёр цаг тутамд бага зэргийн юм идэж байх нь зүйтэй. Сайн унтах нь лептин “leptin” ферментийн үйлдвэрлэлийг идэвхжүүлнэ. Лептин фермент бага байх тусам хүнд өлсгөлөн мэдрэмж илүүтэй төрдөг. Оройн хоолны дараа ямар нэгэн биеийн дасгал хийх нь илүүдэл калорийг шатаахад тус болно.
Удахгүй шинэ жил болох дөхөж охид, бүсгүйчүүд маань гоёхон даашинзаа өмсөх цаг ирж байна. Иймд биднийг захирах гээд байгаа “Хоёр дахь тархи”-ийг байранд нь тавихгүй бол болохгүй нь, бүсгүйчүүд, залуучууд аа.

Ж.ЦОЛМОН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх