МАХН-ын дарга болохоор шүүхэд хандсан О.Баасанхүү хуралд ирсэнгүй

2018 оны 01-р сарын 05 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baasanhuuu

МАХН-ын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх О.Баасанхүү, Г.Бямбасүрэн  нарын хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд болох байсан боловч хойшлогдов. Шүүх бүрэлдэхүүн О.Баасанхүү нарын хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хурлыг энэ сарын 19-нд хийхээр товлолоо. Шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, намын гишүүд дэмжигчид ирсэн бол шүүхэд хүсэлт гаргасан О.Баасанхүү ирсэнгүй. Түүнийг төлөөлж Г.Бямбасүрэн ирсэн юм. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатараас хурал хойшилсонтой холбогдуулан тодруулахад  “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын иргэд нам, намын дарга бүртгүүлэх хүсэлтээ гаргачихаад өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг Дээд шүүх хүлээж авлаа. О.Баасанхүү нар шүүхэд хандаж материалтай танилцана. Асуудал тулгуу байна гэсэн хүсэлт тавьсан байна. Тиймээс хурал энэ сарын 19-нд хуралдахаар тов зарлалаа.Цагаан цаасан дээр хэдэн хүний нэр биччихээд Улсын дээд шүүхэд ханддаг байдал байж болохгүй. Ингэж болдог бол хэн ч гэсэн хэдэн хүний нэртэй бичиг авч ирээд Дээд шүүхэд хандах бололцоотой. МАХН-ын гишүүд дэмжигчид 400 гаруй мянган хүн байгаа учраас бидний хувьд хэчнээн л бол хэчнээн материалыг гаргаж өгөх боломжтой. Тиймээс нөхцөл байдал ойлгомжтой гэж бодож байна. Харин О.Баасанхүү нарын хийж байгаа үйлдэл бол мөнгөний захиалгаар хийж байгаа үйлдэл. Намын гишүүн бус хэдэн хүн цуглуулаад намын дарга болно, дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өг гэдэг ёсзүйгүй, хууль бус үйлдэл байж болохгүй. Ийм байдал Монголд муу жишиг тогтооно” гэж тэрээр тайлбарлав. Харин шүүхэд хандсан МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “ Өнөөдрийн шүүх хурлын талаар бидэнд ямар ч хугацаа байгаагүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан. Материалтай танилцах хүсэлтэй байна. О.Баасанхүү гишүүнийг хууль зөрчсөн үйлдлээр А.Гантамир гэдэг залуу АТГ-т хандсан нь прокурорын байгууллагад шилжин шалгагдаж байгаа” гэлээ.

Н.Цахирмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх