Ажлын цагаар хувийн гар утсаа ашиглахыг Цагаан ордны ажилтнуудад хориглож байгаа нь аюулгүй байдалтай холбоотой гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Цагаан ордны технологийн системийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь Д.Трампын засаг захиргааны нэн тэргүүний зорилт. Тийм учраас ирэх долоо хоногоос эхлэн ажилтнуудад төдийгүй Цагаан ордонд хүрэлцэн ирсэн зочдод ч хувийн гар утас ашиглахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Цагаан ордны зарим ажилтан уг шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлэхдээ “Бид гэр бүл болон найз нөхөдтэйгөө холбогдоход хүндрэлтэй болж байна” гэдгээ нуусангүй. Ер нь албан ажил дээрээ ажлын цагаар хувийн асуудал ярихыг Цагаан ордон таашаадаггүй аж. .