БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БНХАУ-ын Хөдөөгийн боловсролын хөгжлийн төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус төв нь эко тосгод бий болгох замаар аялал жуулчлалыг жшиг байдлаар хөгжүүлэх эхлэлийг тавьсан бөгөөд одоогоор ОХУ, Беларусь улстай энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа аж. Монгол Улс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа энэ үед тус төвийнхөн эко тосгон байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх туршлагаасаа хуваалцан хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа тус төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга Зөн Жяньчөн илэрхийлсэн.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Аялал жуулялалыг хөгжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Манай яамны зүгээс байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар улсын тэргүүлэх салбарын нэг болгох зорилго дэвшүүлээд байгаа. Энэ утгаараа танай байгууллагатай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Бид эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” хэмээсэн юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзсаныхаа дараа тус төвийн төлөөлөл БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй уулзаж, цаашид эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрлээ.