Өвгөрч хөгширсөн хуучин вокзалыг музей болгож, шинийг яаравчлан сүндэрлүүлэх цаг болжээ

2018 оны 01-р сарын 04 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26551681_1272817269516435_45817870_n
Баянгол дүүргийн нутаг дахь вокзалын баруул талд байрлах 1000 машины зогсоолыг чөлөөлөх гэж өчигдөр үүр цүүрээс эхлэн түрээслэгч иргэд,газрын албаныхан,цагдаа нар багагүй бужигнаж байж учраа ололцов. Юутай ч машины наймаачид газраа чөлөөлөн нүүж, нийслэл хот маань орчин үеийн гоёхон вокзалтай болох зам шулуудав. Нэлээд хэдэн сарын өмнөөс УБТЗ шинэ вокзалтай болох гэж байгаа тухай яригдсан. Уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны шийдвэрээр УБТЗ нийгэмлэгт ашиглалтын зориулалтаар олгосон аж.
Машины наймаачдын зогсоол маягаар ашиглаж байсан газар нь «Улаанбаатар төмөр зам» хувь нийлүүлсэн байгууллагыг анх байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны хэлэлцээрээр УБТЗ-ын мэдэлд байх ёстой байв. Гэвч тухайн үед газрын асуудал өнөөгийнх шиг байсангүй. Тиймээс газраа албан ёсоор баталгаажуулж чадаагүй байсны улмаас бусдын эзэмшилд очиж маргаантай асуудлыг үүсгээд байсан юисанж. Гэвч алдааг засаж залруулж болдог тул ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийсэн байна. Ингээд уг асуудлаар Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Зам, тээврийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний 17 дугаар тушаалаар ЗТХЯам, Улаанбаатар хотын газрын алба ба “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулан ажиллуулжээ.
Хуучнаар 1000 автомашины зогсоол хэмээн нэрлэгдэж байсан өдгөө чөлөөлөгдсөн талбайд барууны орнуудын дэвшилтэт технологи бүхий вокзал удахгүй сүндэрлэх болно. Тэнд кинотеатр, хүүхдийн тоглоомын төв, дэлгүүр гээд дэлхийн томоохон вокзалууд шиг тохилог, зорчигчдын тав тухыг бүрдүүлсэн цогцолбор барина. Өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа төв вокзалыг 1950 онд барьсан бөгөөд өнөө цагт барилга “өвгөрөн хөгширч” яаж ч тордоод цагийн аясаар элэгдэн доройтож өнөөгийн шаардлагыг хангахгүй болжээ. 70 шахам жил үүргээ нэр төртэй биелүүлсэн вокзалын барилга нурах эрсдэлтэй болсныг мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. Ер нь Монголын анхны вокзалыг нийслэлийн түүхийн дурсгалт газруудын адил хамгаалалтад авч музей хэлбэрээр ашиглах ч болох талтай. Өнөөдрийн зорчигчдын урсгалд тохируулсан том өртөө барих ёстой гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй биз ээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН маш гоё вагонууд худалдаж авсан, тохилог болсон. Харин одоо орчин үеийн өртөө барихаар бэлтгэж байгааг олноороо дэмжих нь зөв болох болов уу. Хөрөнгө санхүүгийн асуудлыг түргэн шуурхай шийдээсэй. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50 хувийг ОХУ-ын тал эзэмшдэг учраас хамтран шийдвэр гаргах нь лавтай.
Н.Дөл
 
 
 
 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх