Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав.
III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ.
IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм.
Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр банкуудад эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтоож, энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН болон Төрийн банктай хамтран ажиллаж байна.
Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381 гаруй мянган хүн 10 банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Эдгээрээс 230 гаруй мянган хүн 680 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар тэтгэврээ барьцаалж авчээ.
Мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой төслийг дэмжив
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Төсөл нь хадгаламжийн албан журмын даатгалын хууль, эрх зүйн орчныг олон улсын стандарт, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, банкнаас хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгийг эргэн төлөх үүргийг даатгах хэлбэрээр найдвартай байдлыг нь хангах, хадгаламжийн даатгалын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тухайлбал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, саналын эрхийн 50-иас дээш хувь эзэмшдэг этгээд, эрх бүхий албан тушаалтан, банкны санхүүгийн байдал муудахад шууд нөлөөлсөн онцгой нөхцөлтэй зээлтэй, илт бага хүүтэй зээл авсан, хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү эзэмшигчийн хадгаламжийг даатгалд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ.
Товч мэдээ
– Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
– “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээрт гарын үсэг зурвал иргэд хоёр оронд давхар нийгмийн даатгалд хамрагдахгүй болж, тэтгэвэрт гарсан үедээ шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, ногдох тэтгэврээ авах боломжтой болно. Одоогоор манай улсын 7400 орчим иргэн БНЧУ-д ажиллаж, амьдарч байна.
– “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ыг хавсралтаар баталлаа.
– Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулан байгуулав.
– Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.