Хуучин оныг үдэх,шинэ оныг угтахтай зэрэгцээд шатахуун түгээгч зарим компани жолооч нарыг багагүй бухимдуулсан. Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх сургаар арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн “Тэс петролиум” “Тод Монгол”, “Магнай трэйд” компанийн зарим салбар “бензин байхгүй,нөөц дуусч байгаа” хэмээн хэрэглэгчдээ гомдоож, зарим нь нэг удаад 30 мянган төгрөгөөс илүү үнийн дүнтэй бензин зарахгүй гэсэн хязгаарлалт тогтоож байсан. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр, шатахууны нөөц дундаж хэмжээндээ буюу 104.62 мянган тонн байгаа аж. Энэ нь дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөц бөгөөд үүнээс А-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлш 28 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг юм. Нөөц хангалттай байхад импортлогч компаниуд ямар шалтгаанаар хязгаарлалт хийж байгааг ШӨХТГ-аас шалгасан байна. Харин шатахуун импортлогчид ямар учраас хязгаарлалт хийж байгаа талаар тодорхой тайлбар өгсөнгүй. Шударга өрсөлдөөний газрынхан “Хэрэглэгч хаан” гэсэн зах зээлийн зарчмыг яагаад үл тоов хэмээн тухайн импортлогчдыг нарийвчлан шалгаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Шинэ оны анхны өдөр шатахууны үнэ нэмэгдэхтэй холбогдуулан олныг бухимдуулсан башир арга хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй аж.
Н.Дөл