Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын даргад санал хүргүүлэв

2017 оны 12-р сарын 28 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт:

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 дугаар зөвлөмжийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Их Хуралд “Агаар, ус, хөрсний бохирдол гамшигийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах” зэрэг асуудлуудын хүрээнд эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөжээ.

Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлуудын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг зөвлөсөн байна.

Хүн амын тавь орчим хувь нь амьдарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч байгаа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах зүй ёсны шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их,   24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна.

Агаарын бохирдолтой тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам бохирдол улам нэмэгдээд байдгийн шалтгаан юунд байгааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүхий л төрийн албан тушаалтнууд анхаарч авч үзэх ёстой. Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэнээс хойших нэг жилийн хугацаанд зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэгжээгүй байна. Тухайлбал төрийн захиргааны байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнгүй, Улсын Их Хурлын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд агаарын бохирдлын асуудлыг тусган хэлэлцэх нь ч биелсэнгүй.

Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй зуух, түлш мэтийн аар саархан асуудлаар ажил хийсэн нэр зүүж, зууралдсаар байх нь үр дүнгүй гэдгийг бид бүхэн бүрэн мэдэрлээ.  Иргэд, олон нийтийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж, “Онц байдал” зарлан агаарын бохирдлын асуудалтай шийдвэртэй тэмцэхийг шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд Улсын Их Хурал “Онц байдал” зарлана гэж заасан.

Тиймээс ард иргэдээ сонсож, тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулах тусам нэмэгдээд байдаг агаарын бохирдлын асуудалтай нийтээр нэгдсэн зорилготойгоор тэмцэхийн тулд “Онц байдал” зарлан, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог тодорхойлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэн шийдвэртэй алхам хийхэд болохгүй зүйлгүй юм. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасны дагуу “Багануур, Багахангай” гэсэн хоёр дүүргээс бусад дүүргийг гамшгийн бүсээр тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх