Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ.
Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2017 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллийг товчоор танилцуулъя.
- Зөвлөмж өгөв. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгах, цаашид дахин гаргуулахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж гардуулав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус Зөвлөмж гардуулан өгсөн байна.
- Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхлэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой Олон нийтийн дэд зөвлөл улсын хэмжээнд ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар төрийн 99 байгууллагад 168 иргэн хяналт тавьж ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдвийн дор аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдэд сургалт хийв.
- “Олон нийтийн төв” нээгдлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Олон нийтийн төв” байгуулсан. Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв” нь иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээллийг чөлөөтэй, нээлттэй өгөх бөгөөд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авна.
- Хүүхэд, залуучууд авлигын эсрэг нэгдэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллаж эхэллээ. “Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Монголын залуу үеийн төлөөлөл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад залуу үеийг татан оролцуулах, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлэв.
- Оффшор бүсийн жагсаалт шинэчлэгдэв. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг улс нэмэгдэж орсон байна. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгуулагуудад холбогдох зөвлөмж, чиглэлийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн.
- Төрийн албаны шилжилт, хөдөлгөөний мэдээлэл. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 766 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 627 мэдүүлгийг нь хянан шийдвэрлэсэн.
- Өргөдөл, гомдлын хяналт шалгалт. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 58 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
- Төлөвлөгөөт хяналт шалгалт. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа зарим агентлагийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 9 албан тушаалтан, мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн Увс аймгийн Өлгий, Түргэн, Тэс, Хяргас сумын удирдах албан тушаалтнууд, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 9 буюу нийт 18 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасны дагуу “сануулах, “албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
- Мөрдөн шалгах хэлтэс нь 2017 онд иргэд, байгууллага, албан тушаалтнаас тус газарт ирүүлсэн нийт 1288 гомдлын 640 өргөдөл, гомдол буюу 49.7 хувийг хүлээн авч Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн.
- Хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 24.6 гомдол, мэдээлэл, 15.9 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
- Эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
- 2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,412,008,181 төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29,338,941,434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан.