Нүүр хувиргагч Сабрина: Хэдэн ЦАГ арга хэмжээтэй байсан ч гэсэн нүүр будалтад ӨӨРЧЛӨЛТ орохгүй л байх ЁСТОЙ!

2017 оны 12-р сарын 22 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ssss

Бид энэ удаа “Мake up artist” Сабринаг урьж, нүүр будалт болон түүний талаарх сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Тэрбээр зургаан жил энэ салбарт ажиллаж байгаа бөгөөд өөрийн шинэхэн студиэ нээгээд удаагүй байгаа билээ.


Та яагаад Sabrina хэмээх нэрээр гарч ирсэн бэ?

– Sabrina гэдэг бол зургаан жилийн өмнө анх фейсбүүк нээхдээ өгч байсан нэр юм л даа. Яг миний жинхэнэ нэр биш. Таван жилийн өмнө нүүр будалт хийж эхлэхдээ ч энэ нэрээрээ явсан. Хүмүүсийн нүдэнд ч тогтоцтой нэр байж таарсан.  Жинхэнэ нэрийг маань Г.Ганзул гэдэг.

Ямар мэргэжилтэй вэ?

– Би ШУТИС-ийн Мэдээлэл технологийн их сургуулийн IT инженерийн ангид сурч 2016 онд төгссөн.

Нүүр будалт хэзээнээс хийж эхэлсэн бэ?

– Би өөрөө нүүрээ будах маш дуртай. Намайг энэ чиглэлийг сонирхож эхлэх үед Дэлхийд төдийгүй Монголд нүүр будалтыг хүлээн зөвшөөрдөг болчихсон байсан. Тухайн үед нүүр буддаг ганцхан артист байсан. Тэгээд тэр хүн дээр зөвхөн өөрийгөө зөв будаж сурах сонирхолдоо хөтлөгдөн очтол авьяастай байж таарсан учраас надад мэргэжлийн ангид явах санал тавьсан. Би оюутан байсан учраас хэрэгцээнийхээ мөнгийг олж болох юм байна гэж бодоод суралцаж эхэлсэн. Гэхдээ эцэг эх маань намайг энэ салбарт ажиллахыг зөвшөөрдөггүй байсан. Анх эхлэхдээ гэр бүлийнхэндээ “би зүгээр л сургалтын төлбөрөө олох гэж байна” хэмээн учирладаг байлаа.

Таван жилийн өмнө гэлээ. Багагүй хугацаа шүү.

– Би их сургуулиа төгстөлөө энэ салбарт цаашдаа ажиллана гэдэгтээ итгэлтэй биш байсан. Гэр бүл эсэргүүцдэг байсан учраас шүү дээ. 10 жилдээ бас л онц сурдаг хүүхдүүдийн эгнээнд бичигдэж явсан болохоор гэр бүлийнхэн маань намайг эрдэмтэн болно гэж төсөөлдөг байсан. Гэнэт энэ салбарт ажиллахад ялангуяа ээж маань их гайхсан шүү.

Хэзээнээс хувьдаа гарч өөрийн гэсэн нүүр будалтын студи нээсэн бэ?

– Хувьдаа гараад жил гаран л болж байна. Миний цаашдын зорилго нүүр будалт биш байсан юм. Их сургуулиа төгсөөд гадаадад сурах төлөвлөгөөтэй байсан ч жижиг асуудал гарсан учраас бүтэлгүйтсэн. Тэгээд зуны гурван сар сайхан амраад, намар “Make up by Mongolian girls” группт санамсаргүй лайв хийсэн юм. Тухайн үед би нүүр будалтаар цаашдаа ажиллана ч гэсэн бодол байхгүй зүгээр л үзэл бодлоо олон нийтийн цахим орчинд хуваалцтал төсөөлөөгүй байсан эерэг зүйл намайг угтсан. Намайг дэмжсэн, урмын үг хэлсэн, энэ чиглэлд ажиллахыг санал болгож зөвлөсөн хүмүүсээс урам зориг авч нүүр будалт хийхээр шийдсэн.

Гэр бүлийн тань зүгээс энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

– Яах ч аргагүй болсон гэх үү дээ. Цахим ертөнцөд лайв хийж, хүмүүс намайг бага багаар мэдэж эхлэхэд аав ээж минь охиныхоо авьяасыг тас үгүйсгэж чадаагүй юм болов уу даа. Одоо бол хүлээн зөвшөөрсөн.

Их сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй гэсэн үг үү?

– Тийм ээ. Төгсөөд өөрийн карьераа хөөж хувийн гэсэн бүхнийг эхлүүлээд өнөөдрийг хүртэл явж байна.

Шинэ жил болж буй энэ үед Sabrina ажил ихтэй байдаг биз?

– Үнэхээр завгүй болчихдог. Ялангуяа шинэ жил гэдэг баяраар эмэгтэй хүн бүр үзэсгэлэн гоо харагдахын тулд өөртөө дээд зэргээр анхаарал хандуулдаг шүү дээ. Магадгүй та ч гэсэн тийм байх. Олон охид яг шинэ жилээр будуулна гээд бодчихсон байдаг учраас зорьж ирээд цаг аваад утсаар холбогдоод захиалгаа өгөөд л ажил бол ёстой ундарчихдаг үе дээ.

Хүний нүүр будахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

– Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож сэтгэл санаанд нь нийцтэл будаж баяр талархлыг нүднээс нь унших хамгийн сайхан байдаг.

Та зургийн хичээлдээ сайн байсан уу?

– Ёстой үгүй. Би бага байхдаа зургийн хичээл дээрээ  цаасан дээр хэдэн үүл , малын хашаа, хонь зураад л өөр зүйл чаддаггүй байсан.

Хүний нүүр будна гэдэг маш нарийн мэдрэмж артист хүнээс шаарддаг юм шиг харагддаг?

– Хүний нүүр, цаас хоёр бол хоорондоо маш өөр. Одоо гэхдээ цаасан дээр зураг зурахад маш өөр болсон байна лээ. Хүн болгон сайн зурдаг байх гэхээр нь нэг удаа хөрөг зурж үзсэн чинь дажгүй болсон шүү. Мэдээж мэдрэмж хөгжиж байгаа юм хойно. Зураач хүн гэдэг чинь байнга зурж байгаа хүнийг хэлдэгтэй адилхан. Өдөр бүрийн бодит дадлага туршлага гэдэг ямар ч үнэтэй лекцэд сууснаас хамаагүй дээр байдаг.

Хүний нүүр будахад хамгийн хэцүү хэсэг нь юу байдаг вэ?

– Надад тэр хэсэг гэхээсээ илүү тухайн хүний сонирхлыг мэдрэх хэцүү байдаг. Би мэргэжлийн хүний хувьд намайг зорьж ирсэн хүндээ ямар будалт тохирохыг хараад л мэддэг боловч тэр хүндээ таалагдах эсэх гэдэг асуудал. Хүний сонирхолд тааруулж будна гэдэг их ярвигтай ажил.

Энэ жил ямар будалт илүү их тренд болж байна вэ?

– Бүх хэсгийн будалт илүү натурал талдаа зонхилж байна. Нэг хэсэг матт уруулын будаг тренд болоод хүн болгон л хуурай уруултай явлаа шүү дээ. Одоо бол тийм биш. Дандаа л гоё өнгөлөг байхыг илүүд үзэж байна. Нүд хөмсөг ч тэр бүдэг талдаа байх жишээтэй. Хурц шийдэл байхаа больсон.

Хурц шийдэл гэдэг зүйл дээр тодруулбал?

– Зарим хүмүүс нүдэн дээр айхтар зураас татаж байгаад хүнхгэр болгож давхраатай болгон буддаг шүү дээ. Тиймэрхүү зүйл байхгүй л гэсэн үг.

Тусдаа гараад нэг жил болсон гэж байна. Бэрхшээлтэй зүйл хэр их байна?

– Бэрхшээл гэхээсээ илүү таатай мэдрэмж төрж байгаа. Яагаад гэвэл, би өөрөө чөлөөтэй сэтгэх боломжтой болсон. Тусдаа гараагүй байх үед тодорхой хэмжээгээр хүний доор ажиллаж байгаа учраас зарим нэг тал дээр учир дутагдалтай байлаа шүү дээ. Одоо бүх зүйл өөр байна. Зарим үед жижиг сажиг будаг шунх, түрээс гээд асуудал гардаг л даа. Би хэдий айлын ганц охин ч эцэг эх маань намайг хэн нэгэн шиг эрхлүүлж өсгөөгүй учраас бие даах тал дээр илүү анхаардаг. Жижиг зүйлүүдээс эхлэн нэгтгэсээр байгаад л яг сарын өмнө өөрийн гэсэн студи маань үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энд байгаа бүх ширээ сандал, толь минийх гэж бодохоор сэтгэл өег сайхан байдаг. Өмнө нь түрээсийн байр, ширээ сандал хөлсөлдөг байхдаа санамсаргүй байдлаар сэв суулгах бүртээ дотроо хүнийх шүү дээ гэдэг айдастай байдаг байсан.

Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн нүүр будалт хийж түүгээрээ амжилтанд хүрч байна гэдэг сайхан. Энд байгаа нэг ширхэг эд хогшил бүр чиний хичээл зүтгэлийн үр дүн байхнээ.

– Ер нь бол тийм. Гэхдээ энэ тавилгануудыг манай найз залуу өөрийн гараараа загвар дизайныг нь надаас асууж лавлаж хийж өгсөн юм. Тийм болохоор бүр их үнэ цэнэтэй, ажиллах эрч хүч, урам зоригоор дүүрэн байдаг. Найз залуу маань ийм зүйл хийдэг хүн биш ч гэсэн миний авьяас ур чадварыг маань дэмжиж, хийж бүтээж өгсөнд маш их баярлаж явдаг юм.

Sabrina найз залуутайгаа хэр удаан үерхэж байгаа вэ?

– Бид хоёр бие биенийгээ мэддэг болоод 9 жил болж байна. Найзалж эхлээд удаагүй ээ.

Хэрхэн танилцаж байв?

– Хүүхдийн зуслан дээр танилцаж байсан. Тэгээд нэг их харьцдаггүй байсан чинь их сургуулийн нэг ангид орж таарсан л даа. Үүнээс хойш дотно болсоор үерхэж эхэлсэн.

Гадуур нүүр будалт хийдэг гэх нэртэй чадвар тааруу хүмүүс их байх шиг. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

– Хаа сайгүй байна. Монголд цензур алга. Сургалтанд суугаад шууд артист болно гэдэг шударга бус шүү дээ. Хэрвээ төгссөн бол багадаа 6 сараас 1 жилийн хугацаанд дадлага хийж ажилласан хүн л хүний нүүр будах эрхтэй. Хоёроос гурван жил ажилласан хүн өөрийгөө будах сургалт орох эрхтэй. Гурваас дээш жил ажилласан хүн мэргэжлийн артистуудыг бэлтгэх эрхтэй гэх мэт шат дамжлагатай байх шаардлагатай. Энэ тал дээр их учир дутагдалтай л байна гэж хардаг.

Sabrina ямар бүтээгдэхүүнийг нүүр будалтандаа хэрэглэдэг вэ?

– Дэлхийн томоохон артистууд  өөрсдийн гэсэн брендээр будаж байгаа харагддаг. Миний хувьд мэдээж чанартай бүтээгдэхүүнийг гадаадаас албан ёсоор захиалж хэрэглэдэг. Аль гоё гэсэн бүтээгдэхүүнээ, оригинал гэснийг сонгодог. Яг тийм ийм гэж хэлж чадахгүй нь. Магадгүй сурталчилсан болох байх. Дэлхийн артистууд сар бүр хамгийн сайн болон муу бүтээгдэхүүний жагсаалт гаргадаг учраас тухайн бүтээгдэхүүнээ судалж байгаад л захиалж ашигладаг. Хүн надаар 100,000 төгрөгөөр нэг удаа хоёр гуравхан цаг барих муу бүтээгдэхүүнээр нүүрээ будуулахгүй шүү дээ. Хэдэн ч цаг арга хэмжээтэй байсан гэсэн будалтанд өөрчлөлт орохгүй л байх хэрэгтэй. Энэ бол хамгийн наад захын шаардлага.

Эмэгтэйчүүдийн нүүр будалтандаа ихэвчлэн гаргадаг таван алдааг нэрлэж зөвлөгөө өгөөч?

– Манай Монгол охидууд хамаагүй авьяастай, хөөрхөн байдаг. Хэрвээ нүүр будалтандаа алддаг бол  дөнгөж нүүрээ будаж сурч байгаа арван жилийн хүүхэд л байгаа. Гэхдээ мэдээж зөвлөгөө өгье.

1.      Нүүрээ будахаас өмнө ямар ч арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх шаардлагатай.

2.      Тос түрхэлгүйгээр base,frimer гэдэг хоёр зүйлийг заавал хэрэглэж сурах хэрэгтэй. /Тос нь арьс арчилгааны бүтээгдэхүүн учраас арьсны гүн рүү шингэдэг. Тиймээс нүүр будалт хийх үедээ тос хэрэглэх нь будагны хорыг арьсны гүн рүү шингээдэг гэсэн үг/

3.      Хөмсгийг будахдаа урд тал нь л бүдэг байвал зүгээр. Дундаас урагшаагаа хойд талаасаа хоёр дахин илүү бүдэг байж нормал харагддаг. Хөмсөг чинь нэлэнхийдээ жигд өнгөтэй болчихвол их ширүүн харагддаг.

4.      Уруулны өнгө сонгохдоо тухайн үеийн хувцаслалт, үс засалтаасаа хамаарч будах хэрэгтэй. Өнгөө олж тохируулан будах юм бол гайхалтай мэдрэмж авах боломжтой.

5.      Хацар өнгөлөгч дотроо тосон, хуурай гэж хоёр байдаг. Тосон байвал илүү тохиромжтой байдаг. Хацрынхаа хэсгүүдийг зөв тодорхойлж түрхэх юм бол нүүр бүхэлдээ сайхан харагдах боломжтой байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх