Б.Хурц гомдол гаргажээ

2017 оны 12-р сарын 21 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurtsssssssssss

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн  УИХ-ын хэдэн гишүүний  нэг нь Ж.Батзандан. Тэрээр Төрийн ордонд Б.Хурцтай холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоос гарсан дүгнэлтийг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлээд байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Б.Хурц  Ж.Батзандан гишүүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар гомдол гаргажээ.

Ж.Батзандан гишүүн  нээлттэй сонсголын дүгнэлтийг гардуулах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг Монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон ярьсан. Ж.Батзанданд Б.Хурцын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал энэ талаар Ж.Батзандан, “Хүн ална гэж заналхийлсэн нөхөрт хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил иймэрхүү л байна даа. Бидний эцгийг хулгайлсан гээд хүүхдүүд нь гомдол гаргаад байхад, мөн Эрдэнэтийн хэрэгт оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад намайг хүн гүтгэсэн гэлээ. Ямар ч ариун нэр төртэй юм бэ дээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх