Ёолк бол монголчуудын хамгийн тэнгэрлэг баяр

2017 оны 12-р сарын 21 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7ej37e0652i0i0r183ji7m17mq

Шинэ оныг угтах баярыг монголчууд ёолк хэмээн нэрлэдэг. Хэдийнээс ёолк монгол уламжлалд үндэсний баяр мэт том байр суурь эзэлдэг болсныг сонирхвол, Ардын хувьсгалын дараахан Зөвлөлт Орос Улсаас Монгол руу  нэвтрэн ирсэн уг баяр  он жилийн уртад бидний хүсэн хүлээдэг баярын нэг болсон аж. Христийн шашинтай орнуудад мөнх ногоон гацуурыг айл бүр гэртээ чимэглэн засч, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг нь эрт дээр үеэс  уламжлалтай юмсанж. Оросоор  шинэ жилийн баярт зориулж, чимэглэн гоёсон гацуураа ёлка,ёлочка хэмээн нэрлэдэг нь Монголд нутагшихдаа ёолк болжээ. Монголчууд хэдийнээс ёолкдож,шинэ оныг нийтээрээ догдлон угтдаг болсныг 1931 оноос эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Өөрөөр хэлбэл,Герман, Франц зэрэг барууны орнуудад суралцаж байсан тэр үеийн залуу сэхээтнүүд орос эхнэрээ дагуулан, Зөвлөлтийн сургагчидтай нийлж, зохиолч Д.Нацагдоржийн гэрт 1931 оны 12 дугаар сарын 31-ний үдэш цуглан, 1932 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 02 цаг хүртэл наргиж, шинэ оноо угтсан тэр цагаас монголчууд ёолкдож эхэлсэн нь тэр. Түүнээс өмнө тэмдэглэж байсан тухай архивын баримтад үлдсэн нь байдаг аж. Гэхдээ ёолкийг монголчууд 1940-өөд оны эхэн үеэс ёолкийг өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон. Үүнийг түүхчид 1940 онд “Х.Чойбалсангийн Үндсэн хууль” батлагдсантай холбон тайлбарлажээ.  Тэр үед Монгол Улс орос ах нарыг үг дуугүй дагаж явах болсон. Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн үзэл суртлын  нөлөөгөөр Монголд орос соёл хүчтэй нэвтэрсэн, улстөр эдийн засгийн өөрчлөлт өрнөж байсан нь Монголд ёолкийг хадаг дэлгэн угтах гол шалтгаан болжээ. Монгол нутагт ёолк хөгжсөөр цал буурал сахалтай өвлийн өвгөн цан хүүрэг татуулан морилдог болсон. Анхны өвлийн өвгөнөөр ардын жүжигчин Г.Гомбосүрэн,Д.Чимэд-Осор гуай нар тодорч олон жил үүргээ биелүүлсэн. Харин одоо өвлийн өвгөн янз янзаараа байх болжээ. Орос,монгол,америк гээд л талийж өгнө. Бас цав цагаан  цасан охидгүйгээр ёолкийг төсөөлөх аргагүй. Биднийг бага байхад Цагаан сараар шинэлдэггүй харин ёолкоор золгодог байж билээ. Цагаан сар бол нэгдэлч,малчдын баяр. Тиймээс хөдөөнийхөн баярлах ёстой. Нам засгийн шийдвэрээр үүнийг зааж өгсөн байв. Хотынхон цагаан сарыг сайн дураараа сэмхэн тэмдэглэнэ. Ёс ёмбогорыг эрхэмлэдэг хотын хөгшчүүл цагаан сараар золгоно гэж үр хүүхдээ чирэгдүүлэхийн дээдээр чирэгдүүлнэ. Өглөө аав,ээжтэйгээ золгоод ажилдаа хожигдож очно, бөөн хэл ам болно. Цаг бүртгэгч минут,секундээр хоцорсон цагийг бүртгэнэ. Цагаан сар тэмдэглэдэг хуучинсаг,бүдүүлэгт тооцогдоно. Намаас арга хэмжээ авна. Мөн ч их юм болдогсон. Харин ёолк бол  тэнгэрлэг баяр байсан даа. 12 дугаар сарын 31-нд сургууль албан байгууллагууд ёлкоо тэмдэглэж шөнөжин цэнгэн хөгжилдөнө. Харин шинэ оны өглөөний  мандахын улаан нарнаар “Амар байна уу,онд мэнд сайн оров уу” гээд л золгоно доо. Ууц шүүсээ хөндөж,идээ будаагаа амсаж,бууз баншаа жигнээд л яг өнөөгийн цагаан сар болноо. Айл хэснэ,золгоно гэх мэтчилэн явж өгнө дөө.

 Өнөөдрийн ёолк улам нүсэр,улам өргөн дэлгэр болдог болсон. Жанжныхаа талбай дээр аварга том ёолк засна,гэрэл чимэглэл гэж янзтай. Сүүлийн үед хотын дарга гэрлийг асаадаг бас нэг шинэ ёс нэмэгдсэн. Улаанбаатарынхан нүүрснийхээ утаанд хахаж цацан ханиалгахаа үл тоон хүн бүр шинэ жилийн баяртаа гоёж гоодон очно. Цэцэрлэгийн багачууд,сургуулийн хүүхдүүдээс эхлээд өтгөс буурлууд хүртэл ёолкдоно. Албан байгууллага,хамт олон, төр засгийнхан хүн бүр толгой дараалан баярлахгүй бол шинэ он буцаад явчих гэж байгаа юм шиг хөөрцөглөнө. Хэрэв аль нэгэн байгууллага шинэ жил тэмдэглэхгүй үлдлээ гэвэл сонссон хүн эвэртэй туулай үзсэн мэт ангайтал гайхширна. Яагаад гэвэл ёолкдоогүй хүн Монголд байдаггүй учраас. Хэдэн зуун жилийн түүхтэй  орос зүгийн шинэ жилийг бид Европынхноос хэдэн хувь илүү өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж шинэ оноо үнсэн угтдаг жамыг дагасаар буй. Уг нь шинэ жил гэр бүлийн баяр гэж үүсгэн байгуулагчид нь ярьдаг юм билээ. Харин бид бултаараа нижгэр баярладаг,бут авдаг баяр болгож өнөө цагийн өнгөнд улам төгөлдөршүүлж байх авай. Нэг оройжин ууж,идэж наргиж цэнгэхэд хэр их мөнгө зарж байгааг тооцох боломжгүй. Юутай ч тогос шиг гоёж очоод тогонд цохиулсан юм шиг болоод гардаг баяр бол ёолк. Монголын бүх шилдгүүд ёолкны үеэр тодорно. Шилдэг улстөрч,шилдэг бизнесмэн гээд л шилдгүүд хөвөрч өгнө дөө. Өргөмжлөл,цом,бэлэг дурсгал чухам л нүд эрээлжлүүлнэ. Ёслолын арга хэмжээний идээ будааны элбэг дэлбэгийг зүйрлүүлж хэлэхийн аргагүй. Ёолкийг “ёолтол” тэмдэглэхгүй бол аз харьчих юм шиг аашлах юмаа,бид.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. MONGOL
     (202.179.26.***)
    2017/12/23 15:36

    za ene Dul gedeg nuhur eolkiig mongoliin tengerleg bayar bolgood baigaarai,chi l bayaraldag ym baigaa biz ,bitgii ard tvmniig hamaatuulaad baigaarai balai mini.

    (0) (0)
  2. Зочин
     (202.179.25.***)
    2017/12/22 10:44

    ямар сүртэй нэр гарчиг өгч бнаа, монголын бусад уламжлалт баярыг арай илүүгээр илэрхийлэх үг байхгүй боллоо

    (0) (0)