Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Европын Холбооны татварын ил тод байдлын стандартыг хангана
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний татварын хэлэлцээртэй холбогдох хэсгийг хэрэгжүүлэх тухай олон талт хэлэлцээр”, “Татварын удирдлагын чиглэлээр харилцан туслалцах тухай олон талт хэлэлцээр”-т элсэн орох шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Банк, санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийн зөвхөн татварын зорилгоор ашиглах чиглэлээр мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх, шинэчлэх, мэдээлэл солилцохыг зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгож, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөлөө.
Цаашид татварын эрх зүйн орчныг ил тод, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Европын Холбооноос татварын зорилгоор хамтран ажилладаггүй улсын жагсаалтыг энэ сарын эхээр батлахад манай улс багтсан байна. Үүний шалтгаан нь Монгол Улс “Татварын зорилгоорх ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”-ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” заавал дагаж мөрдөх шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой юм. Жагсаалтаас гарахын тулд дээрх хэлэлцээр, хөтөлбөрүүдэд нэгдэх, даган мөрдөх тухай байр сууриа илэрхийлэх ёстой.
Банк, санхүүгийн байгууллагаас татварын албан мэдээлэл солилцох, автомат мэдээллийн солилцоо нэвтрүүлэх үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд манай улсын татвар төлөгчдийн гадаад улсын санхүүгийн байгууллага дахь санхүүгийн мэдээллийг авах боломж ч бүрдэх юм.
Сангийн сайд дээрх байгууллагад хүсэлт явуулснаар гишүүнээр элсэн орсонд тооцогдох юм байна.
Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлав
Ховд, Чойбалсан, Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ховд хот баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм.
Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болгохоор тусгажээ.
Багануур эрчимжсэн уул уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болох юм.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын болон тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилд хотуудын эзлэх байр суурь, чиг үүрэг, хэтийн хөгжлийн төлөвийг хүн амын бөөгнөрөл, чадавхи, дэд бүтцийн болон хот байгуулалтын багтаамж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, уялдааг тодорхойлон боловсруулжээ.
Дээрх хотууд дэд бүтцийн хэвтээ тэнхлэг Мянганы зам, босоо тэнхлэгүүд дайрдаг, ойрхон өнгөрдөг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж хөгжих боломжтой гэж үзэж байна.
Товч мэдээ
– Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.
– Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Манай улс одоогоор 186 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
– Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайханыг эгүүлэн татав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
– Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боллоо.
– Агаарын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.