Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилсээр байна. Энэхүү сангийн зорилго нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болоход оршиж буй.
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ сарын эхэнд 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулж байсан бол өнөөдөр 18 иргэн орон сууцныхаа түлхүүрээ гардан авлаа. Өнөөдрийн байдлаар тус сангаас 53 иргэн дэмжлэг авч орон сууцанд оржээ. Дэмжлэг авахыг хүссэн иргэдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг түлхүүр гардуулах ёслолын үеэр албаныхан онцолж байлаа.
Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэр НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, үүнээс үүдэн иргэдийн эрүүл мэндэд учирч буй хор нөлөөг багасгах чиглэлээр онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэх, шуурхай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа” гэдгийг дурдаад, “Энэ өвөл Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах болно” гэдгээ мэдэгдсэн юм.
Нийслэлийн удирдлагын зүгээс гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15 мянган орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгааг хотын дарга мэдэгдэв.
Тус сангийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлнэ. Хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байна гэдгийг С.Батболд дарга онцлов.
Н.Аялгуу