30 гаруй жилийн түүхтэй “Талх Чихэр” компанийн үйлдвэрлэсэн даавуун алчууртай талх олныг цочирдуулав. Тус компани “Эрүүл хүнс, таны сонголт” уриатай. Гэтэл ийм юм болж. Юу ч арчиж байсан байж болох алчуураа талхныхаа конвейр руу хийчихсэн нь арай л биш ээ. Талхаа идэх гээд зүстэл дотроос нь алчуур гарч ирснийг фэйсбүүк хуудсандаа тавьсан хэрэглэгч гомдолтой байгаа аж. Тэрээр бичихдээ “Юу ч арчсан ямар ч даавуу юм билээ хэн мэдлээ. “Талх чихэр” компанид хэлэхэд тухай үед гарсан ээлжийн ажилтанд бурууг өгөөд иргэн биднийг доромжилж байгаа юм шиг доорх зүйлийг өгч байна. Хүүхэд идэж хордоогүй бол болоо доо идэж хордсон бол арай өөрөөр ярих байсан байх гэж хайхрамжгүй ярьж байна. Хэлж байгаа нь л би болохоос өөр ийм асуудал гарсныг үгүйсгэх аргагүй” гэжээ. Олон улсын чанарын стандартад нийцсэн дэвшилтэт технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг Монголын хүнсний томоохон үйлдвэр ийм хайхрамжгүй ажиллаж болохгүй болов уу. Хүнсний аюулгүй байдлыг хангаж чанартай хүнс үйлдвэрлэхийг хэрэглэгчид тус компанид анхааруулж байна.
Н.Дөл