Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул зам товчлон мөсөн замаар зорчихгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд олноор зорчдог. Иймээс иргэдийг мөсөөр явахгүй Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж байна. Сантын даваа цасгүй зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Ес эхлэх дөхсөн боловч нийт нутгаар цаг агаар дулаан байна. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй, баталгаат зам гүүр, даваагаар зорчих шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, усан замын хяналтын улсын байцаагч Б.Сэргэлэн ярив.
Я.Манлай