Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан 22-25 насны гурван залууг энэ сарын 14-ний өдөр цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан тухай эх сурвалж мэдээлэв. Тодруулбал Ж, Б, Л нар 220 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхины төрлийн бодис тээвэрлэж явсныг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, тусгай ажиллагааны албан хаагчид баривчилсан байна. Уг хэргийг одоо ЦЕГ-ийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ж, Б, Л нар нь хар тамхи тээвэрлэгч байсан бол тэдний цаана худалдан борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг томоохон бүлэглэл байгаа гэж цагдаагийнхан сэжиглэж буй юм.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Алдархишиг ярихдаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэнэтийн үзлэг шалгалт хийлээ. Мөн хууль бусаар мансууруулах бодис оруулж ирсэн этгээдүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд нэгэн ажиллагаа явуулсан юм. Хар тамхины төрлийн бодис тээвэрлэн явсан этгээдүүдийг шуурхай илрүүлэн баривчиллаа. Холбогдох этгээдүүдийг саатуулан үзлэг шалгалт хийж байна” гэлээ.
битгий чимээгүй дарчихаарай даа амжилт хүсье