Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр (2017.12.15) Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилох болсон асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонсголын эхэнд “Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлаар иргэдээс арав орчим өргөдөл ирүүлсэн бөгөөд өнөөдрийн сонсголд найман өргөдлийн дагуу өргөдөл гаргагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тайлбар, мэдээлэл өгөхөөр ирсэн байна” гэж танилцуулав.
Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар оролцож, үг хэлэн, байр сууриа илэрхийлсэн.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сонсголд оролцсон иргэд, албан тушаалтнууд, хүний эрхийг хамгаалахчиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, өргөдлийнхөө дагуу ирж танилцуулга, тайлбар хийсэн иргэдэд талархал илэрхийлээд, нээлттэй сонсголоос санал дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад хүргүүлэх талаараа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.