Улаанбаатар хотод өдөртөө 930 гаруй автобус иргэдэд үйлчилдэг

2017 оны 12-р сарын 14 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1111212

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлийн 937 автобус, троллейбус ажиллаж байна. Үүнээс үндсэн 75 чиглэл нь ажлын өдөр 6-8, амралтын өдөр 8-10 минутын интервалтай үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт дунджаар 637 мянга орчим зорчигч тээвэрлэж байна.

Нийслэлийн Тээврийн газар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачааллын цагт

  1. “Ард кино театр – зогсоолоос Орбит чиглэлд,
  2. Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол чиглэлд, МУИС -Улаан чулуут чиглэлд,
  3. Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд ачаалал ихтэй
  4. Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” төв замаар, баруун чиглэлдээ
  5. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, урд болон хойд чиглэлдээ
  6. Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
  7. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
  8. Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
  9. Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
  10. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” зэрэг чиглэлүүдэд ажиллах тээврийн хэрэгслийн тоог 10 гаруй хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна.

Түүнчлэн дээрх 10 чиглэлд 24 тээврийн хэрэгслийг өдрийн цагаар ачаалал багатай үед цонхлуулж оройн 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 148 байсан бол 166 болгож 2.1 хувиар, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 97 байсан бол 161 болгож 9.6 хувиар 22:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 48 байсан бол 97 болгож 14.8 хувиар нэмэгдүүлсэн байна.

“Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой 937 автобус маань бүгд шугамандаа явж байна. Замын хөдөлгөөний ачааллаас хамаараад автобуснууд түржирч, иргэдийн хүлээх хугацаа нэмэгдсэнээр, иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа. Ийм учраас нийслэлийн Тээврийн газраас шинэ менежмент хийсэн. Энэ нь Автобуснуудыг заавал уртаар явуулалгүй ид ачааллын үеэр богино эргэлтүүдийг хийлгэж байна. Автобусны тоог нэмэгдүүлж бус байгаа тээврийн хэрэгсэл дээрээ зохицуулалт хийх нь илүү үр дүнтэй байна. Цаашид хаана хаана хэдэн цагт автобус шаардлагатай байна гэдэг судалгаа хийгээд, үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуулалт хийж байна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

Мөн “Бид нийтийн тээврийг илүү хурдан явуулах зорилгоор тусгай эгнээ гаргаж өгсөн. Харамсалтай нь сүүлийн үед жолооч нар ид ачаалалтай үед нэгдүгээр эгнээгээр зорчих асуудал их гарч байна. Үүндээр Замын цагдаагийн алба болон Нийтийн тээврийн газраас холбогдох шалгалтыг хийсэн. Цаашид ч үргэлжлүүлэн шалгалт хийж, холбогдох арга хэмжээг нь авах болно. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд камерын хяналт хийж, торгуулийг мөн хүргүүлж байгаа” гэдгийг онцолж байв.

Ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут,  Ард кино театр -Орбит,  Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 18:10-19:50 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт  хийгдсэн ба өнгөрсөн сарын 29-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн үед 873, 21:00 цагийн үед 734, 22 цагт 356 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд ажиллаж байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх