Эх орноо зарсан баячууд 100 саяын бооцоогоор эрхлэн наадаж байхад ард түмэн хэцүү бүхнийг шүд зуун тэсч байна

2017 оны 12-р сарын 14 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25324038_1257722171025945_161728184_n

Монгол эх орны минь газрын хэвлий дэх баялгийг хэдхэн хүн хувааж аваад идэх учиртай цагт бид амьдарч байна. Өвөг дээдэс маань хайрлан хамгаалж ирээдүй үеийнхэндээ өв болгон үлдээсэн газар дорх баялгийг нэр бүхий 30 гэр бүл лиценз нэрээр идэж хагартлаа баяжиж  байгааг бид харсаар сууна. Харахгүй гээд яалтай,ямар анилтай биш.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболдын тайлбарласнаар 30 гэр бүл гэдэг нь “Ашигт малтмалын лиценз нэрээр Монголын баялгийг эзэмшиж зарсан, хамгийн олон лицензтэй хүмүүс” юм билээ.

Уг нь Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий дэх баялаг бол ард түмний өмч,төрийн хамгаалалтад байх учиртай санж. Гэтэл ард түмэн гээд байгаа хүмүүст  тэр баялгийг ухаж төнхөх байтугай хөрсөнд нь гар хүргэх эрх байхгүй.  Ёс журмаараа бол газрын хэвлийг ухагчид ард түмний зөвшөөрөлтэйгээр баялгийг ашиглаж, бас ашиглуулах үндэс бүрдэнэ. Харин амьдрал дээр мөнгөтэй сүйхээтэй хэн нэгний эзэмшил болж байна. Тусгай зөвшөөрөл надад байна гэж хөөрцөглөсөн шинэ цагийн баячууд газар эхийг уйлуулан хайлуулан өмөртөл ухаж байна. Тэд өнөөдөр газрын хэвлий дэх баялаг 9 эрдэнийг ухаад л, ачаад л, зөөгөөд л дуусна гэж үгүй. Ёстой пологттолоо идсэн ч ханаж цадахыг үл мэддэг атгаалжин хар мангас гэгч юм даа.   Хэдийгээр  газрын хэвлийн баялгийг  ашиглагчдад төрөөс хууль журмын дагуу  шаардлагыг хангалттай тавьж,хүлээлгэх хариуцлагыг тооцох боловч   үр дүн бага.  Албаны хэлээр бол газрын хэвлийн зохистой ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэн хүн, байгаль орчинд аюулгүй, эх орны ирээдүйн хөгжлийн суурь, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад нийцсэн байх талаас нь хичнээн  хууль гаргаж, 20 гаруй жил ярьсан даа.

Харсаар байтал  нутаг усыг нь ухаж сэндийчэн улаан шороо болгож хаяад байгааг  ард түмэн хамаг чадлаараа эсэргүүцэвч “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэдэг зовлонг эдлээд дуусна. Үнэндээ бол Монгол Улсад авилга,албан тушаалын наймаа, эх орны хамаг баялаг оффшор дансанд эргэлдэж буй.  Ард түмэн хөрөнгөжиж мөнгөжсөн дээдэс,эрх мэдэлтнүүдийн хөлд чирэгдсээр туйлдаж байна. Шинэ баячууд төрсөн өдрөөрөө 100 саяар бооцоо тавьж эрхлэн наадан зугаацаж байхад хот хөдөөгүй хаана ч  тарчигхан ядуус зовлонгоо шүд зуун тэсвэрлэж,хоногийн хоолоо арай ядан дөнгөнө. Өнөөдөр хэдэн зуун сая,тэрбумын хөрөнгөөрөө бие биедээ аархан гайхуулж байгаа баячууд газрын гагнаасыг сүйтгэж,хэвлийг хоосруулсан нүглээ дааж ядан тамд очно гэдгээ мэдэхгүй нь харамсалтай. Бурхан бүгдийг харж байгаа.  “Шинэ баян цээж өвчтэй,хур баян хууч өвчтэй” гэдэг хойно өнөөдөртөө ханхалзаж л яваг дээ,хөөрхийс.

Монголчууд цагаан морин жилийн хувьсгалыг санаа нийлэн байж хийсэн. Гэхдээ ийм ардчиллыг хүсээгүй. Өнөөдөр Монголын баячууд харийнхантай хамтарч эх орноо цөлмөж,ард түмнээ мөлхүүлж байгаадаа сэтгэл хангалуун байх тусам үйлдсэн нүгэл нь зузаарсаар буй. Гэтэл бидэнтэй нэг гараанаас хөгжиж эхэлсэн Казахстан шинэ нийслэл хот байгуулж, орчин үеийн гоёмсог ухаалаг шийдэлтэй барилга,орд харшийг сүндэрлүүлжээ. Ард түмнийх нь амьдрал элбэг хангалуун байгааг ярих юм алга. Дөнгөж хилийн дээс алхангуут оросуудын амьдрал ямар байгааг визгүй зорчдог болсноос хойш хүн бүр харж байна.

Ахмад настнаа гайхалтай хүндэлдэг,халамж, тэтгэврийг  байн байн нэмэгдүүлж байдгийг манайхан гайхширсаар ирнэ. Монголын  эрхэм дээдсүүд шиг өөрсдийгөө рекламдан сүржигнэж “цалин,тэтгэврийг нэмнэ,нэмлээ шүү” гэж зарладаггүй аж. Тийм болохоор юмны үнэ тэнгэрт хадаад байдаггүй нь атаархмаар.  Хятадын хөгжлийг яриад яахав. Нүдэн дээр л танигдахгүй болж байна. Хэдэн жилийн өмнө Эрээн ямар байв,өнөөдөр ямар болов. Монголчуудын мөнгөөр л хотоо шинэчилсэн биз дээ. Өнөөдрийг хүртэл бид Эрээнээс амьсгалахаас бусдыг зөөсөөр л байна. Гэтэл Хятад улс өмнө нь дэлхийн технологийн хандлагуудыг дагадаг улс байсан бол эдүгээ технологийн тэргүүлэгч улс болтлоо хөгжжээ. Монголын эрх баригчид Улаанбаатарын утаа гэх мэт жижиг сажиг юмаар оролдож суухад Хятадын засгийн газар инновацийг бүх төрлөөр дэмжих төлөвлөгөө ярьж байна. Энэ бол зөвхөн ганц нэг жишээ. Сүүлийн жилүүдэд Монголд ирсэн хятадуудыг үзэн ядаж, дургүйг нь хүргэсэн нэгийгээ “хужаа” хэмээн ад шоо үзэх моод дэлгэрэв. Харин ч хятадууд Монголд зээл,тусламж үзүүлэх тал дээр хамгийн том хандивлагч болж байгаа. Биднийг “Хуучин хүү”-гийн үлгэртэйгээ зууралдан шар нар,бор хоногийг өнгөрүүлж байхад  дэлхийн хөгжил холдсоор авай.

Залуус ямар ч үнээр хамаагүй  гадагшаа явж мөнгө олохыг мөрөөдөж байна. Солонгос руу 3 сарын жуулчны визээр гарахыг хүссэн хүмүүс тус улсын Элчин сайдын яамны ажлыг хүндрүүлсээр удаж байна. Тэнд очиж юм үзэж нүд тайлъя,жуулчлаад ирье гэж биш хэд хоног ч болов ажиллаж мөнгө олъё гэсэн цорын ганц зорилго виз мэдүүлэгчдийнх.  Гадны улсад боолчлогдох гэж дугаарлан байгаа ард түмний буруу гэж үү. Эх орон нь тэндэхээс илүү гардаггүй юмаа гэхэд дутахгүй цалин,хөлс өгдөг бол хөгшин,залуу хэн ч бай эх орондоо гэр орондоо байхаас татгалзах уу. Бодох л асуудал. Баян нь эх орныхоо баялгийг зарж язартлаа баяжиж байхад ард түмэн гадны улсад боолын хөдөлмөр эрхлэх гэж дугаарлаж байдаг улс манайхаас өөр байдаг ч юм уу үгүй ч юм уу.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх