Монголд гар утасны хэрэглээг зохицуулна гэдэг үлгэр дууссан

2017 оны 12-р сарын 12 өдөр, 16 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25359702_1256382401159922_88888389_n

Франц улс бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудад гар утасны хэрэглээг бүрэн хориглож байгааг тус улсын боловсролын сайд Жан Мишель Бланкуэр өнгөрсөн ням гаригт албан ёсоор зарлажээ.

Өмнө нь зөвхөн хичээлийн цагаар сурагчид гар утас хэрэглэхийг хориглодог байсан бол 2018 оноос эхлэн завсарлага, үдийн цайны цагаар ч хэрэглэхийг  хориглож байгааг мэдэгдэв.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сонгуульд өрсөлдөж байхдаа энэ оны эхээр мөн ийм хориг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байв. Нью Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг 2006 онд бас гар утсыг сургуульд хориглох санаачилга гаргаж байсан ч эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул буулт хийжээ.

Хэдэн жилийн өмнө ухаалаг гар утас дэлгэрээгүй байх үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах,хянах гол  хэрэгсэл нь  гар утас байв. Харин одоо шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн эрин үед гар утасны хэрэглээ огт өөрөөр эргэсэн.

Францад сурагчдыг гар утас хичээлдээ авч явахыг зөвшөөрдөг ч хичээлийн цагаар ярих,мессеж бичихийг  хатуу хориглодог байна. 2015 онд London School of Economics-ийн гаргасан судалгаагаар гар утсыг хориглосон сургуулийн 16 настнуудын дүн 6.4 хувиар сайжирч, нэг хичээлийн жилд 5 өдөр нэмсэнтэй тэнцэх сургалтын үр дүн гарч байжээ.

Гэвч засгийн газрын эл шийдвэрийг эцэг эхчүүд, сурагчид, багш нар бүгд таагүй хүлээн авч байгаа нь хүүхдүүдтэйгээ харилцах холбоогүй болно гэж үзэж байгаатай холбоотой аж. Сургуулийн захиргаа, багш нарын хувьд хүүхдүүдийн гар утасны хэрэглээг ямар байдлаар хориглох аргыг одоохондоо олоогүй байна. Манай улсад 2016 оны хичээлийн жил эхлэхэд БСШУС-ын сайдын  тушаалаар сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээг  зохицуулах тухай заасан.  Уг тушаалын дагуу  ЕБС-ийн багш, суралцагч хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг хориглов.  Тухайн үед сайдын тушаалыг биелүүлэх ажил сургууль болгонд өрнөж  цахим хэрэгслийг зохистой ашиглах асуудлаар эцэг эхтэй гэрээ байгуулахаас эхлээд сургуулийн дүрмэнд сургуулийн орчинд цахим хэрэглээг хэрхэн зохицуулах асуудлыг судалж тусгах, хүүхэд цахим хэрэгсэлд донтохоос сэргийлэх, цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар их ч ярьсан даа. Гэьч Монголын хууль гурав хоног гэгчээр тэгсхээд хүч нь суларсаар таг болсон. Өнөөдөр хүүхэд болгон утсаа маажаастай,интернэтийн хязгааргүй орчинд зугаалаастай байна.  Сурагчид гар утас хэрэглэхгүй бол  хүүхдүүд хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрөөнө,сурлагын амжилтад ахиц гарна гэж ирээд л чанга чанга ярьж байсан. Харин одоо Францаас суралцах хэрэгтэй болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа нэмүүлнэ гээд намаржин тэмцсэн. Харин одоо сурагчдын гар утас,интернэтийн хэрэглээг зөв тийш эргүүлэхэд тэмцвэл юутай сайн бэ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх