Гудиггүй гурван сарынхан

2017 оны 12-р сарын 12 өдөр, 08 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25276321_1371843376276693_1585496438_n

Сэрүү орж хүйтрэхээр шувууд дулаан газар барааддаг шиг төр нь хатуурхаж, амьдрал хэцүүдэхээр хүний нутаг зорьдог нь хөөрхий манай монголчууд. Солонгосыг ихээр зорих болсон яг өнөөдрийн дүр зураг 90-ээд оны сүүлчийг санагдуулдаг. Амьдрал гайгүй, олсон хэдэн цаас, авсан цалингаараа яаж ийгээд болж бүтээд байгаа он жилүүдэд бас ийм дүр зураг бага байсан шиг. Харин өнөөдрийн бодит байдал нүүдлийн шувуудыг санагдуулам байна. Энэ янзаараа байвал ирээдүйд Монголд нөгөө 30-хан гэр бүл үлдэж ч мэдэх юм. “Солонгос тийш зүглэх Монголчуудын зам балрахгүй” нэртэй жүжиг найруулж ч болмоор амьдралын энэ урсгалын хамгийн хайр хүрэм, сэтгэл өвтгөм, бас уур цухал төрүүлэм, өр өмлөм дүрүүд нь “Гурван сарынхан”. Гурван сарынхан гэж БНСУ-д ажиллах, амьдрах эрхгүй 90 хоногийн хугацаатай аяллын визээр визний хүчинтэй хугацаандаа ажиллаж жаахан ч болтугай “мөнгө хийх” зорилготой монголчуудыг хэлж байгаа нь тэр. Түүнээс биш үнэхээр энэ улсад аялж юм үзэж, нүд тайлахаар цөөн хоногоор явж байгаа зорчигчид үүнд хамааралгүй л дээ.

Хэрхэн 3 сарынхны эгнээнд багтдаг вэ? Хэрэв та ч бас “Гурван сарынхан” дүрд амжилттай “тоглох” бодол тээж яваа бол энэ дүр надад тохирох уу үгүй юу гэдгээ эхлээд сайтар бодож үзээрэй. Энэ нийтлэл ч “Гурван сарынхан” дүр амьдрал дээр хэрхэн оршиж байгааг бодитоор хүргэхийг хичээсэн билээ.

25181876_1371843916276639_1555689485_n

“Найдвартай гаргана” гэсэн хүнд найдаж байснаас материалаа өөрөө л найдвартай бүрдүүлээд өгчих

БНСУ-ын ЭСЯ-нд аяллын виза хүссэн өргөдөл, бусад материалыг бүрдүүлж өгснөөр та “Гурван сарынхан” ангилалд орж чадах эсэх чинь шийдэгддэг. Визаны материал бүрдүүлэхэд заавал хүнээр дамжуулж бусдад мөнгө төгрөг өгч хийлгэх шаардлага огт байхгүй. Хүмүүсийн энэ талын мэдээлэлгүйг далимдуулан визаны материалыг нь бүрдүүлж өгөх төдийхнийг хийнгээ “виза гаргахад зуучилж байна, виза гаргаж өгч байна” хэмээн бусдыг залилж олз хайгчид цөөнгүй бий. Ийм хүмүүсийг алгасаад шууд визаны материалын бүрдүүлэлтийг албан ёсны эрх бүхий хэд хэдэн компаниас сонгон үйлчлүүлэх хэрэгтэй. Эдгээр компаниудаас найдвартайг нь Найман шарга валют худалдааны төвийн урд байрладаг 25-р суваг ТВ-ийн байран дахь “Монгол ньюс” компанийн үйлчилгээний төвийг гэлцдэг. Ийм байгууллагаар дамжуулан та виза мэдүүлбэл танаас үйлчилгээний хөлсөнд ердөө л 9000-хан төгрөг л авдаг. Үүн дээр таны өргөдөл, нийгмийн даатгалын хуулбар зэргийн орчуулгын хөлс нь хэр олон хуудас материал орчуулахаас хамаарч нэмэгдээд 30 гаруйхан мянган төгрөгөөр виза авах боломжтой. Визаны материалын бүрдүүлэлтэнд 6 сараас дээш хугацаанд хүчинтэй гадаад паспортаас гадна БНСУ-ын ЭСЯ-ны гаргасан маягтын дагуу визаны мэдүүлгийг бөглөж өгдөг. Мөн үүн дээр виза хүсэх болсон тухай өргөдлөө бичиж, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа, ЦЕГ-ын тодорхойлолт, банкин дахь дансны сүүлийн 6 сарын гүйлгээний хуулга зэргийг хавсаргана. Бүрдүүлэх ёстой зүйлс дутуу байвал үйлчилж байгаа компани тань энэ тал дээр танд хангалттай сайн зөвлөгөөг өгдөг. Гол нь та яарч, цагийг нь тулгалгүй бүх зүйлээ эмх цэгцтэй сайтар бэлдэж өгсөн байхад виза зөвшөөрөгдөх эсэх нь тийм ч асуудалтай, ярвигтай зүйл биш. Найдвартай гаргана гэсэн хүнд найдаж байснаас өөрөө л материалаа найдвартай бүрдүүлээд өгчихсөн нь дээр.

25323341_1371843636276667_2104556040_n

“Ура, виза гарчихлаа”

Бусад улс орнуудын иргэд хүчтэй, хүчтэй мөрөөдөлтэй, Монголын маань иргэд “Виза гараасай” гэсэн мөрөөдөлтэй гэсэн онигоо харж байсан юмдаг. Үнэхээр мөрөөдөл биелж виза нь гарвал яах вэ? Бэлтгэл хийх нь мэдээж. Гэхдээ таны хамгийн том бэлтгэл бол сэтгэл зүйн бэлтгэл юм шүү. “Ир ир, асуудалгүй” гэсэн хэн нэгний үгэнд 100 хувь итгээд хэрэггүй л болов уу. Бид Солонгост оччих л юм бол мөнгийг шуудай шуудайгаар нь олчихдог юм шигээр төсөөлдөг. Энэ бол хамгийн том эндүүрэл. Мөнгө “хийх” эсэх нь хувь хүнээсээ шалтгаалдаг болохоос тэнд оччих л юм бол мөнгөжчихдөг гэсэн үг огтоосоо байхгүй. Хэдийгээр БНСУ жилээс жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлж 2020 он гэхэд нэг цагийн ажлын хөлсний доод хэмжээг 10000 вон болгохоор зорьж байгаа ч гэсэн БНСУ-д өнөөдөр нэг өдрийн арбайт хийх хөлс 50 мянган воноос эхэлж байгаа. Энэ мөнгөний хэмжээ өгсөх тусам эрүүл мэнд тань урууддаг урвуу хамаарал бүхий ажлын байр таныг тосож байгаа гэж ойлгоорой. Тэнд үе мөчөө янгинуулж, хөлсөө цувуулж, хуруугаа эвэршүүлж, хөлөө холгон байж мөнгө “хийдэг”. Үүнийг ойлгож, сэтгэл зүйн бэлтгэл ОК болсон гэж үзвэл нэг минутыг ч гэсэн фэйсбүүк ухаж дэмий өнгөрүүлэлгүй хоёр гурван ч болтугай өгүүлбэр цээжилж ав. “Хүрээд ир” гэж хэлсэн, тосож авсан, ажил олж өгсөн сайн санаатай сайхан сэтгэлтэй ах дүүс, найз нөхөд, танил тал чинь асуулт болгоныг чинь орчуулж, минут бүр хамт байгаад байж чадахгүй. Бүгд тус тусын ажилтай тул хүнд аль болох төвөг удахгүйг хичээх хэрэг гарна. Иймд үг цээжилсэн нь дээр. Тэгээд нэг ч таних хүнгүй бол болж өгвөл явах гэсний хэрэггүй. Таних хүнтэй ч гэсэн нэг л хүнд найдаж амьдралаараа дэнчин тавьж очоод бас дэмий. Монголд байхдаа л Б, бүр В вариант боловсруулж хэд хэдэн хувилбарыг олоод бүх юмаа тодорхой болгож байж нисээрэй.

co1

Хамгийн хайр хүрэм, сэтгэл өвтгөм, бас уур цухал төрүүлэм, өр өмлөм “Гурван сарынхан”

Тэд хамгийн гэнэн цайлган хүмүүс. Бусдын үгээр, сонссоноороо юманд итгэчихнэ. Тэгээд биеэрээ үзэж мэдэрч, туулж байж ойлгож авна. Яагаад хайр хүрэм бэ гэж үү? Тэд хэзээ ч “харлахгүй”. Монголоо гээд л визаны хугацаагаа дуусахаас өмнө яаж ийгээд хүрээд л ирдэг. Өөрөөр хэлбэл, тэд хууль зөрчдөггүй “хууль зөрчигчид” юм. Хэлээ мэдэхгүй, таних хүнгүйгээсээ болоод элэг нэгтэндээ “ходруулж” байгаа “Гурван сарынхан”-ыг хараад сэтгэл өвдөхгүй байна гэж байхгүй. Адилхан л амьдралын төлөө нэг өдөр, нэг цагийг ч болов ажил хийж мөнгө олох гэж байдгаа барж байгаад ирсэн тэднийг хэлтэй устай, харьд идээшээд суурьшчихсан зарим нэг хүний үнэргүй, увайгүй нөхөд нүдэн дээр хулхидаад “гахай явган нохой нүцгэн” болгож орхино. Ажил байна гээд дансаар мөнгий нь авангуутаа алга болчих энүүхэнд.

so2

so3

Ажилд оруулж байгаа нь энэ гээд найдваргүй газарт аваачиж солонгосуудтай нийлэн хөдөлмөрийг нь мөлжих, “шингү хийж” (Иммигрэйшнд нь матаж гэж ойлгоход болно) нутаг нэгтнээ барьж өгөн өөрөө шагнал нэрээр хэдэн вон халааслах, барьж өгөнгүүтээ явсан хойно нь ажилд оруулж өгсөн газраа очиж цалинг нь өөртөө авчихдаг луйварчид тийм ч цөөн бус. Ийм нөхцөл байдалд орсон “Гурван сарынхан”-ыг сэтгэл өвтгөм гэж хэлж байгаа билээ. Үнэхээр өөр юу гэхээ ч мэдэхгүй, хэлэх үг олддоггүй. Хий дэмий л тэр луйварчдыг жигшихээс хэтрэхгүй. Тэгвэл яагаад “Гурван сарынхан” уур цухал хүргэм байдаг вэ гэж үү? Албатай юм шиг бусдад бүхнээ даатгах гэнэ, өөрөө хичээхгүй, хүний арай гэж цаг заваа гарган байж олж өгсөн ажилд очсон хэрнээ голоод хийхгүй, архи ууна, хэрүүл зодоон хийж хэл ам татална, тэгээд бас мөрөөрөө явахгүй гэр бүл үймүүлнэ, салгаж сарниана. Гэсэн чиг л “Гурван сарынхан” маань өрөвдөлтэйгийн хажуугаар өгөөжтэй хүмүүс. БНСУ-ын хөгжилд хувь нэмрээ оруулж хөдөлмөрөөрөө зүтгээстэй. Тэнд байгаа монголчуудаа бяцхан тэжээгээстэй. “Гурван сарынхан”-ы буянаар зарим монголчууд Солонгост шинэ төрлийн орлоготой болсон. Тэднийг ажилд зуучилсны, наашаа мөнгө шилжүүлүүлсний, орон байртай болгосны, элдэв асуудлыг нь шийдэж өгсний гээд олон олон “татвар” авч амьдрагсад бий болсон.

Ардаа бөөн өр зээлтэй ч урдаа бөөн бөөн хүсэл мөрөөдөлтэй гудиггүй “Гурван сарынхан” минь оффшоруудын оруулж ирж чадахгүй байгаа мөнгийг олоод ирчихэж ч мэдэх юм шүү. Хурай, хурай!!!

Ж.Дагвадорж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.160.***)
    2017/12/12 22:05

    Vnen vnen unshihad ilvvdehgvi yum bn

    (0) (0)
  2. зочин
     (210.0.62.7.***)
    2017/12/12 21:29

    Зөвлөгөө л.өгсөн байна. Уншихад.илүүдэхгүй.

    (0) (0)
  3. Зочин
     (112.72.15..***)
    2017/12/12 13:07

    Болгоомж илүүдэхгүй шүү

    (0) (0)
  4. гүнжмаа
     (43.242.241.***)
    2017/12/12 12:24

    Солонгост очихоор л мөнгөтэй болдог гэсэн ойлголт хүмүүст бдаг. үхтлээ ажиллана,хэл мэдэхгүйн зовлон ард үлдсэн өр гээд мянган зовлонг туулахаа мэдэхгүй нисээд оччихож болдоггүй л юм бна лээ. Солонгос гэхээр л мөнгө гэж боддог хүмүүс уншмаар юм бнаа

    (0) (0)