Банкны хүүгийн дарамт,мөлжлөгтэй тэмцэх хүмүүс С.Эрдэнэ гишүүнтэй хамтраарай

2017 оны 12-р сарын 11 өдөр, 14 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
choose_a_Bank

Арилжааны банкуудын зээлийн хүү өндрөөс өндөр байгаа нь бизнес эрхлэгчдийн тамирыг тасалж байгааг  дээр доргүй шүүмжлэх атлаа ийм мөлжлөгөөс татгалзаж чадахгүй байна. Монголд мөнгө хүүлэгчдийн эсрэг хууль байхгүй. Хэрэв банкнаас өндөр хүүтэй ч гэсэн зээл авахгүй бол урагшаа хөдлөх ямар ч боломж алга байна. Тэгэхээр банкны зээлийн хүү хэт өндөр байгаатай хүн бүр  олон жил эвлэрсэн. Арилжааны банкны зээлийн хүү 20 хувиас дээш  байвал үүнийг олон улсад мөнгө хүүлэлт буюу мөлжлөгийн систем гэж үздэг юм гэсэн. Харин манай улсад байдаг л юм гэдэг. Манай  арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19 хувь байна. Хэрэв ийм хүү амлаад зээл олгоно гэвэл хөгжилтэй орны иргэд “амиа хорлож” мэднэ. Яагаад гэвэл Японд зээл 1 хувь. АНУ-д 3-5 хувь,Хятадад 5 хувь хүртэл байдаг юм гэнэ билээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэдэн сарын өмнө “арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах цаг болсон. Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулахаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа” хэмээн ярьж олны магнайг тэнийлгэх шахсан. Гэвч өнөө хэр ажил хэрэг болоогүй байх аж. Хөөрхий бизнес эрхлэгчид чихээ дэлдийтэл сураг тавих боловч нааштай  юм дуулдах нь үгүй. Банк бол аливаа улс орны эдийн засгийн чухал салбар. Монголчуудын хувьд  банкныхаа салбарыг хөл дээрээ бат зогсохыг  хүлээсээр зээлийн хүү багасах болов уу хэмээн горьдсоор он жилүүдийг үдэж буй.

“Өнөөдөр арилжааны банкуудын нийт хөрөнгө Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэхүйц болжээ. Ганцхан банк л гэхэд жилд 126 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна.
Иймд банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл санаачилсан юм.
Ардчилал бүх хүнд тэгш эрх чөлөө, тэгш боломжийг өгөх ёстой. Аль нэг тал нь давуу эрхээ ашиглаж  мөнгө хүүлэхийг удаан тэвчих арга алга.
Ард түмэн ч үүнийг хүсч байгаа. Бид нийгмийн захиалга, олон улсын туршлагыг харгалзан үзэж (үүн дотор эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ, Япон гэх мэт) энэхүү хуулийн төслийг санаачилсан.
Өнөөдөр Төрийн ордонд банк, санхүү, иргэдийн төлөөллийг оролцуулсан “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулна.
Иргэд та бүхэн цахим сүлжээ ашиглан санал бодлоо нээлттэй илэрхийлэхийг хүсье” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ уриалсан байна. Түүний үг юутай халуун дулаан эрчим түгээнэ вэ. Эрхэм гишүүнд талархая.

Банкууд хөрөнгө босгохын тулд харилцагч нартаа өндөр хүүтэй хадгаламж санал болгодог. Татсан мөнгөө ашигтай эргэлдүүлэх ёстой тул зээлийн хүүгээ өндрөөр тогтоодог.  Монголд банкны салбар өрсөлдөөнгүй болсон.  Улсын хэмжээнд 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг.  Тэд бүгдээрээ ижил шахуу хүүтэй зээлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд олгодог. Уг нь  зах зээлийн зарчмын дагуу хоорондоо өрсөлдөж уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй зээл санал болгох байдлаар хэрэглэгч, харилцагчаа татах ёстой. Арилжааны банкуудын хадгаламжид буй 7.2 их наяд төгрөгийн 60 гаруй хувийг 200 гаруйхан гэр бүл эзэмшдэг. Тэд бүгдээрээ  эрх мэдэл, албан тушаалын оргилд гарсан тул банкны зээлийн хүүг бууруулахыг хүсдэггүй.  Банкны үйлчилгээ,зээлийн хүүгийн талаархи гомдол хэдэн боть номтой тэнцэнэ. Монголын санхүүгийн зах зээлийн 96 хувийг банкны салбар, үлдсэн 4 хувийг хөрөнгийн зах зээл болон бусад санхүүгийн байгууллагууд эзэлдэг гэдэг.  Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 100 гаруй мянган өрх моргейж буюу буюу ипотекийн зээлтэй байна. Орон сууцны зээлд хамрагдсан иргэд хүү төлсөөр байгаад сөхөрч унаж байна.  Анх зээл авахад нь бүх сард нь хүү авахаар тооцсон байдаг. Хүмүүс ийм байдлыг хичнээн шүүмжлээд хэн ч тоохгүй. Зээлтэй иргэд банкинд хүү төлсөөр ядууралд нэрвэгдэж байгааг УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн нэгэнтээ ярьсан боловч тарваганы нүх рүү хашгирсан мэт таг чиг болсон.  Энэ удаа С.Эрдэнэ гишүүнтэй хамтран чангахан дугараасай билээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх