Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө

2017 оны 12-р сарын 11 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6_2298873811

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу ардчилал, хүний эрхийн өдөр Монгол Ардын Намын удирдлага, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Удирдах зөвлөлийн ажлын албаныхан,  Нийслэл, дүүргийн Монгол Ардын Намын хороо болон намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллүүд, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн  мөчид  Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь  Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн гэж үздэг.  Эгзэгтэй  үед  тэрбээр түүхэн шийдвэр гаргаж,  Улстөрийн товчоог  бүрэн бүрэлдэхүүнээр  огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд бичигдсэн байдаг. Үүгээрээ Ж.Батмөнх Монголд ардчилал бүрэн ялахад гавьяа байгуулсан түүхтэй. Ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ.

Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1984 он хүртэл Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх