Г.Занданшатар: Засгийн газар иргэдээ өөрийн өмчийн газрын мэдээллээ гар утсаараа авах боломжтой болголоо

2017 оны 12-р сарын 08 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zandanshatar

онгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд  Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүрийг  гардуулж өглөө.  Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрийн өмчийн газартай холбоотой мэдээллээ интернет ашиглан гар утсаараа авах боломжтой болсон нь том дэвшил. Харин одоо иргэддээ мэдээ,мэдээллийг хүргэж түгээх ажлыг зохион байгуулах нь чухал гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе

  Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Газар нь улс орны оршин тогтнох үндэс суурь, хүн амын амьжиргааны үндсэн хэрэгсэл болдог. Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд чиглэсэн газрыг төлөвлөх, ашиглах, бүртгэн баталгаажуулах, хамгаалах төрийн бодлогыг уриа болгон дэвшүүлж, хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно”, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах”, “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Төрөөс цахим хэлбэрээр хүргэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг ажил тусгагдсан.

Өнөөдөр бид иргэдийн амьдралын баталгаа болсон газрыг өмчлөх,  эзэмших, ашиглах эрхтэй холбоотой нэгж талбарыг зураглах, бүртгэх, төрийн нэрийн өмнөөс баталгаажуулан үнэ цэнэтэй байлгахад чиглэсэн, дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 аймаг, 330 сумыг хамарсан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системийг Барилга, хот байгуулалтын яам,  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар удирдан зохион байгуулж хэрэглээнд нэвтрүүлж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын өдөр тутмын энгийн хэрэглээ болсон олон улсын туршлага, технологид суурилсан, өөрийн орны онцлогт тохирсон нийтэд нээлттэй, хүртээмжтэй тийм систем болсон гэж ойлгож байна.

Кадастрын нэгдсэн мэдээллийн системын тусламжтайгаар газрын татвар, төлбөрийн бааз суурийг өргөтгөх, иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, нэгдсэн бүртгэлийн системийг байгуулах, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, цахимжсан үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгахад холбогдох төрийн захиргааны байгууллагууд хамтран оролцох зайлшгүй шаардлагатай юм.

Монгол Улсын  Үндсэн хууль болон Газрын тухай хуульд “Монгол Улсын газар нутаг салшгүй, бүрэн бүтэн, нэгдмэл байна” гэж заасан байдаг. Засгийн газрын зүгээс газрын нэгдмэл удирдлага, тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд нэгдсэн нэг бүртгэл, орон зайн өгөгдөл, мэдээллийн сантай болоход төрийн байгууллагууд цаашдын ажилдаа анхаарч ажиллахыг хүсье.

Засгийн газрын 2017 оны  3 дугаар сарын 30 -ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл, дүүргүүдийн хэмжээнд энэхүү кадастрын нэгдсэн мэдээллийн сан, системыг богино хугацаанд нэвтрүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт үүрэг болгож байна.

Хэдхэн сарын өмнө “Блокчэйн технологи төрийн үйлчилгээнд хувьсгал хийх үү” гэсэн гарчигтай, олон улс орнуудын төрийн байгууллагуудын анхаарлыг татаж байсан нийтлэлд дэлхийн 30-аад улс блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа талаар, түүний дотор Швед, Гүрж, Бразил, АНУ зэрэг улс газрын бүртгэлдээ блокчэйн технологийг нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурьдсан байсныг анхаарч, цаашид дэлхийн нийтийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахыг зөвлөмж болгож байна гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх