СУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсний 70 жилийн ойн концерт олныг гайхшруулсан тоглолт боллоо. Монгол бүжиг,бий бийлэгийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулсан Д.Нанжид багшийн 70 жилийн хөдөлмөр,алдар гавьяаг дуурсан тэмдэглэх аяны хүрээнд СУИС-ийнхан нөр их ажил зохион байгуулсан юм. “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” номын нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлэгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолтыг нэрлэж болох. Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч нь Д.Нанжид багш гэдэгтэй санал зөрөх хүн үгүй. Тэрээр орчин цагийн Монголын бүжгийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, анхны мэргэжлийн бүжигчдийн нэг билээ. Тэрээр нэрт бүжигчин, багш, бүжиг дэглээч, судлаач, өв тээгч юм. Монголын бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Л.Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийнхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Ш.Аюушийн хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж бүжгийн урлагийн урын санг баяжуулсан төдийгүй “Эрх ишиг”, “Аягатай дөрвөд”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож, 40 гаруй бүжгийг гоцлон бүжиглэсэн нь түүний нөр их бүтээлч, уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой. Д.Нанжид багшлах хугацаандаа бүжгийн урлагт олон зуун шавь төрүүлсэн бөгөөд бүжгийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэлж барамгүй гавьяа байгуулсан билээ. Д.Нанжид багшийн үе үеийн шавь нар үзэгчдийг бүжгийн гайхамшгаар оройжин цэнгүүлсэн юм. Уг тоглолт манай сурвалжлагчийн дуранд хэрхэн буусныг толилуулъя.