Үргэлжлэл
Баяр хөөрөөр бялхан, гурван дүүгийнхээ хэлсэн болгоныг тунгаан, инээд алдан суугаа түүнд саад болохгүйг хичээн Дулам гуай зээгээ хөтөлсөөр гарч явлаа. Аранжин ганцаараа үлдсэнээ гэнэт анзаарчээ. Дулам гуайг унаанд суулгаж өгөөд талархал илэрхийлэх нь байтугай хэзээ гарч явсныг мэдсэнгүй.
Салбарч урагдсан хулдаасан бүтээлэгтэй ширээн дээр тавьсан жижигхэн цаасыг авч хартал:
-Манайд очоорой… гээд утасны дугаараа бичиж, үлдээсэн байлаа. Аранжин хувцсаа өмсөөд, шууд Дулам гуайнх руу явав…
Тэднийд хоёр хонохдоо Япон руу дүү нартайгаа байн байн ярьж, орон сууцны үнэ ханш судалжээ.
Цээж дүүрэн баяраа Ялгуунтайгаа хуваалцаад үгээр илэрхийлэх аргагүй аз жаргалтай байлаа…
-Ах нь гэрлэх гэж байгаа. Хайртай бүсгүйг минь Ялгуун гэдэг гэсэн чинь манай гурван дүү:
-Ямар гоё нэртэй бэртэй болох нь вэ… гээд баярлацгаасан. Хайр нь улам онгироод:
-Миний эхнэр нэрнээсээ сайхан бүсгүй байгаа… гэж хэлсэн. Аранжинг ингэж хөөрч догдолж, үнэн сэтгэлээсээ инээж байгааг Ялгуун урьд нь хараагүй.
-Миний хайр дүү нартайгаа яриад, өөрийн гэсэн орон сууцтай болсон биш нүд нь сэргээд, улам сайхан болжээ… хэмээн бахархан хэлэхэд Аранжин бүсгүйг тэвэрч:
-Миний хайр дуртай сургуульдаа орж суралцвал яасан юм бэ… Эрчүүд бид бол яах вэ, хар бор ажил хийнэ. Өөрсдөө зүтгэж, сэтгэж чадвал амьдралаа аваад явах боломжтой гэснээ:
-Ийм өргөн, дэлгэр газар нутаг дээр хүн болж төрсний хэрэг юу билээ. Газрынхаа шимийг хүртэхийн төлөө одоо өөрийнхөө бодож, төлөвлөсөн бүхнийг хийнэ ээ… хэмээн эрэмгий нь аргагүй хэлэв.
-Аав та хоёр газар, шороотой зууралдах юм яриад түүнийгээ амьдрал гэж хэлэх юм… Би бол тэр газар шорооноос чинь аль болохоор хол явна гэж боддог.
Аранжингийн бодол, тэмүүлэл Ялгуунд таалагддаггүйг мэдэх учраас:
-Ямар ч байсан хоёулаа одоо сайхан амьдарна. Гурван дүүгээ ирэхээс өмнө ааваас нь гуйж, зөвшөөрөл аваад, эхнэрээ албан ёсных болгоно шүү … гээд хайртай бүсгүйнхээ сормуус бүрхсэн нүдэн дээр зөөлөн үнсэв.
Аранжин сэтгэл дүүрэн, ийм бадрангуй оволзож байхад Ялгуун арай өөр бодол тээн, чимээгүйхэн сууж байлаа…
…“Анх харц доогууртай, олигтой амьтан биш байх…” гээд охиндоо хэлж, сэтгэлийг сүүдэртүүлчихээгүй байгаа… Ганц охиноо сайн хань бараадаасай гэсэндээ тэгж үглэж байлаа. Гэтэл манай Аранжин ямар тохитой, нуруутай сайн хүү билээ дээ. Яахав, бага залуудаа эр хүн алдаж, хэцүү нэртийн хаалгыг татаа л биз. Энэ өгөр толгой өдий хүрч их юм үзэж, дуулсан атлаа дотогш өнгийж хараагүй байж, гаднаас нь дүгнээд… Миний энэ ам уу.
Манай Ялгуун нэг л буруу алхаад байна даа. Ажил төрөл хийхгүй… Сургууль номын мөр хөөгөөгүй… Тэгсэн мөртлөө энэ хүүд эрх танхи өссөнөөрөө гайхуулах янзтай… “
Равдан сэтгэлээ ийнхүү чилээж суув. Үд болох гэж байхад сэрж, үс гэзгээ сэгсийлгэн босч ирснээ:
-Аав… та хоол хийсэн үү гэж ширүүхэн асуусан охин нь шууд аяга, таваг дуугарган ууж, идэх юм руу шумбалаа.
-Аранжин өглөө эрт босч, хоол унд аялуулаад гарсан… хэмээн ая муутайхан дуугарснаа Равдан хушуугаа дэвсэж ирээд охиныхоо толгой дээр үнэрлэн:
-Миний охин яасан орой ирдэг юм бэ… Айлын бүсгүй хүн ингэж явж болохгүй. Цаад муу хүү чинь амьдрал руу яаж тэмүүлж байгааг харж байна уу. Ийм сайн хүүг гомдоож болохгүй шүү, миний охин… гээд сандал татан өөдөөс нь харан суув.
Хомхойрон хоол халбагадаж суусан Ялгуун:
-Та хэзээ Аранжингийн сайн, сайхныг мэдээ вэ… “Энэ нэг хар юм чинь нүүр рүү хардаггүй… Газар шагайдаг…” гээд та жигтэйхэн ад үзээд байсан биз дээ… гэж амыг нь асуух маягтай хэлжээ.
Дахиж Аранжингийн тухай үг хэлэх гэснээ болиод:
-Миний охин элдвийн муу хүмүүстэй нийлж,шөнө орой явж болохгүй шүү хэмээн аргадангуй хэлсэн Равдан ширээний өнцөг тулан, зугуухан бослоо…
Сүүлийн үед хоёр өвдгөөр нь хатгуулан, босч суухад зовиуртай байгаа өвгөн “Сэтгэлийн тамир сульдаад ирэхээр энэ муу хөл хүртэл дагаад сулраад ирэх юм гээч… “ хэмээн өөрийгөө дотроо зэмлээд авав…
“Хөл газар хүрэхгүй баярлаад…” гэхээр “ Хөөрч, ниссэн биш арай дэгсдүүлэх юм” хэмээн Аранжин боддог байжээ. Гэтэл үнэхээр түүний хөл газар хүрч байгаа нь мэдэгдэхгүй, тийм хөнгөн, дэврүүн байлаа. Сэтгэл булингаргүй бол хөл хөнгөрч, газарт хүрэхгүй мэт болдгийг биеэр мэдрэв.
-Дүү нар ирнэ… гээд хэд хоног хөөрцөглөсөн бол өнөөдөр:
-Хадам аавдаа хадаг барина гэхээс Аранжингийн сэтгэл тогтож ядна…
-Хэн нэгээр бэр гуйлгах хэрэггүй. Хадамдаа шууд хадаг бариад оч, миний хүү…
Дулам гуайн хэлсэн энэ үгийг Аранжин дагахаар шийдэв.
… Ялгууны аавд хадаг, сүү бариад:
-…Охинтой чинь сайхан амьдарч, сайн аав, ээж болон, хүн шиг явна. Аав аа, та надад итгээрэй хэмээн Аранжин хэлэв.
– Миний хоёр хүү бие биедээ халамжтай, түшигтэй, эвтэй найртай байгаарай… гээд хоолой нь сааралтаж ирсэн өвгөн охин, хүргэн хоёрынхоо духан дээр үнслээ.
Эр хүнээр ингэж үнсүүлж, эерүү зөөлөн үг сонсч байгаагүй дээ тэр үү, “Энэ хүн надад итгэлээ” хэмээн баярласандаа ч юм уу Аранжин нулимсаа нууж чадалгүй уйлав…
Равдан, Аранжин хоёр тэр өдөржин дүнгэр, дүнгэр хийн ярьж суулаа. Хайртай залуугаа гэртээ нууцаар биш хаалгаа нээж оруулах болсондоо Ялгуун ч баяртай байлаа…
… Гурван дүү нь ирээд удаагүй болохоор өөрсдийн ажил төрлийг цэгцлэн гүйцгээх…
-Энэ бол таны байр… Дүү нь явах гээд гал голомтоо зарж, мөнгө болгосондоо их харамсч, “Танд юу гэж хэлнэ ээ” гэхээс зүрх шимширч, өөрийгөө зэмлэж өнөөдрийг хүрсэн… Ямар ч байсан хоёр дүүтэйгээ хамт гадаадад очиж, ажиллах шийдвэр гаргаад явсан минь буруу биш байсан учраас өнөөдөр бүгдээрээ тус тусдаа орон байртай болж чадлаа. Таныг хаана байгааг мэдэхгүй гэж Дулам эгчийг хэлэхэд бид гурав зэрэгцэж суугаад уйлдаг байлаа…
Миний ах хань ижилтэйгээ сайхан амьдраарай…
Ихрийн өрөөсөн Алтжингаа ингэж хэлэхэд Аранжин яах ийхийн зуургүй тогоо нэрж, хоёр бага дүү нь дагаад нулимс унагаав.
Дулам гуай, түүний охин хоёртой хамт судалж байж, Аранжингийн сонгож авсан, хотын төв дэх хоёр өрөө байрыг отгон дүү Номинжиндээ өгчээ.
Цоо шинэ таван өрөө байр худалдаж авсан гурван дүү нь билигт сайн өдрийг хүлэээн байж ахдаа түлхүүрийг гардуулан өгсөн нь энэ. Алтжин, Мөнхжин хоёрынх хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, энэ тэр гээд хотоос зайдуу газар авч, өөрсдөө байшин барих тухайгаа ярихад Аранжин дүү нараараа бахархаж:
-Миний дүү нар ийм ухаантай байгаа юм чинь бид дөрвийг төрүүлж өсгөсөн ээж минь ямар гайхамшигтай хүн байж вэ… Дөрвүүлээ маргааш өглөө эрт ээжийнхээ шарил дээр очно оо… хэмээн хэлэв.
Шинэ байрандаа очиж амьдрах саналыг нь Ялгуун зөвшөөрсөнгүй.
-Миний аав ганцаараа юу бодож суух вэ дээ… Би явахгүй… Хайртай бүсгүйгээ ийн хэлэхэд Аранжин:
-Аргагүй дээ. Аавынхаа энгэрт зүүгдэж өссөн энэ хүнийг аваад явна гэж хэлсэн миний буруу. Хамт л байвал хаана ч байсан яах вэ… гээд хадмындаа ирээд хоёр сар гаруй болжээ.
Амьдрал нь түүний төсөөлж, тэмүүлсэн шиг сайхан байсангүй.
– Миний хүү, хоолоо ид. Цаадах чинь бас ирсэнгүй юу. Юу шүгэлж, яачихсан хүн ингээд явдгийг аав нь хүртэл мэдэхгүй юм даа…
Аранжинг аргадаж, арга нь барагдсан янзтай ингэж хэлээд удаагүй байлаа. Утсаа чагнаж суусан Аранжин дуугарангуут нь баярлан автал:
-Чамд гоё зураг үзүүлэх гэсэн юм. Ирээд хар даа… гэж Хотгор ёжтой, хорсолтойхон өнгөөр хэлээд утсаа тасалжээ…
… Ялгуун гадуур хувцастайгаа орон дээр хэвтэж байв. Хотгор хоёр ногоон нүдээрээ Аранжинг гөлийн ширтэх нь зэвүүцэлтэй. Хотгорыг хоёр цохиход хавтгайлж, эсвэл хорвоогоос тонилгож чадна гэдгээ тэрээр сайн мэдэж байлаа. Гэхдээ шоронгийн хор наранд хүртэл үргэлжилдгийг мэдэх болохоор биеэ барьж, өөрийгөө тайвшруулж байлаа..
– Чи чинь хүн дуудчихаад хоосон суугаад байгаа юм уу… Аль эсвэл уух юм байхгүй хэрэг үү… Анддаа хэлэхгүй дээ, замаараа дэлгүүрээс ганц гайгүй юм бариад ирдэг байж.
– Уух гэж ирснийг чинь мэдсэнгүй. Бүсгүй хүнийг хайрлах гэж гүйгээд байдаг чамд хайрлаад байгаа хүмүүс чинь ямар байдгийг харуулах гэсэн юм… гээд хиймэл үүдэн шүдээ хөдөлгөн, ой гутмаар ярзайтал инээх нь шарыг малтаж байгаад ухсан нүх рүүгээ лавхан түлхэх гэсэн зорилго гэдгийг Аранжин түүний нүүрэн дээрээс олоод уншчихав.
“… Алдармаагийн гарт орсон хоёр охиныг мулталж явуулсан… Мөн Хотгор, Алдармаа хоёрыг хаашаа ч хөдөлж чадахгүй болгосон…. Эхээс төрөөгүй юм шиг бүсгүйчүүдийг худалдаж мөнгө олдог бүх гарцыг хааж чадсан… Хотгор энэ бүгдийг мэдсэн авч, тэр үедээ юу ч хэлж чадаагүй…” Гэвч Хотгор хэзээ хойно хариугаа ингэж авахаар шийдэж гэдгийг Аранжин тэрхэн зуур тунгаагаад:
— За, за. Тэгвэл энд удаад яах вэ… Хайртай нь үнэн болохоор эхнэрээ аваад явъя гэснээ Аранжин утсаа гаргаж ирээд:
– Ороод ир… гэлээ.
Хотгорын царай хувхай цайж ирснээ ийш тийш харан нуугдах, бултах газар хайн мэгдэхийг Аранжин огт мэдээгүй дүр эсгэв.
– Миний найзыг аваад гарч бай… гэж Аранжинг хэлэхэд гаднаас орж ирсэн хоёр залуу Хотгорын хоёр гарыг ард нь холбож барилаа…
Тэвхийсэн хоёр залуугийн гарт аалз адил арвалзан, аврал эрэх мэт эргэж харах Хотгорын ам ангалзсан боловч дуу нь гарсангүй…
… Нүдээ нээгээд хартал гэртээ хэвтэж байв… Ялгуун “Яаж ирсэн… Аранжинд юу гэж хэлэх” тухай бодохыг хичээвч айдас нь давалгаалаад толгойд нь юу ч орж ирсэнгүй. Дотор нь муухайрч, толгой нь эргээд, ухаан санаа нь хэвийн биш ч юм шиг.
Хоёр найзтайгаа хамт суух Хотгор нэг их баярхаад байснаас бусдыг бүсгүй санахгүй байлаа…
Аранжин уурласангүй. Урьдын адил хайр, халамжаа дэвсэн Ялгууныг аргадав.
– Миний хань найзууд гээд байгаа наад хэдэн хүнээсээ холд… Дахиж битгий уулз… Чи ингэж явахыг хүсэхгүй байгаа биз дээ. Худлаа хөөрч, дарвиад явах үед юм бүхэн болж, бүтээд сайхан байгаа мэт санагдана. Гэхдээ тийм биш ээ… Чамайг ингэж битгий яв гэдгийг хэлж, зөвлөж байгаа найз чинь хэн юм бэ… Чи сайн бодоорой…
Босч, усанд ороод арайхийн сэргэсэн бүсгүй толинд харахаасаа хүртэл ичих аядав.
Хоол идэхээр гурвуулаа хамт сууцгаалаа.
Аав,охин хоёр аягатай хоолондоо юм унагачихсан аятай, тонгойн хоолоо шоржигнотол сорохоос өөр авиа гаргасангүй. Энэ хүйт даасан амьсгалыг эвдэн
Аранжин:
-Манай Сэлэнгэ их өгөөжтэй сайхан нутаг гэж ээж минь ярьдаг байсан юм. Сая би ээжийнхээ нутагт очоод үнэхээр биширсэн. Үржил шимтэй тийм сайхан хөрсөнд үр тариа, ногоо, жимс ургахгүй өөр юу ургах вэ дээ… гээд дуртай сэдвээрээ ярьсаар хоолоо идэцгээж дуусчээ.
Зурагтынхаа өмнө очиж суусан өвгөний санаа алдахыг сонссон Аранжин “Сэтгэл нь тэр чигээрээ хөндүүрлээд хэцүү байна даа, хөөрхий” хэмээн бодож, өрөө рүүгээ явж байгаа эхнэрийнхээ араас харж суулаа.
… Хүн, хүнд ад үзэгдэж, хашааны банхраас дор газар шагайсан юм явахад нь Хотгорыг дэргэдээ авч, цайгаа хувааж ууж, илүү хувцас элдэв зүйлээ илүүчилж байсан хүн бол Аранжин.
“Дарьт”-ын хашаанд ингэж явсан хүн өнөөдөр ийм зан гаргаж байгаа нь Хотгорын буруу биш хорьсоор байгаад хүнийг хүн биш болгодгийг харуулах наад захын жишээ… Аранжин найзыгаа өмөөрөн ингэж бодов.
Ялгуун тэр шөнөжингөө уйлжээ.
– Чамайг би жаргааж чадахгүй нь… Буруу, болохгүй гэж ойлговч би өөрөө чадахгүй байна…
– Надаас өөр хүнтэй битгий уулз… Хоёулаа хөдөө явъя, манай Сэлэнгэ рүү. Тэнд очоод наад дотор чинь байгаа муу муухай бүхэн арилна… Тамхи зардаг, татдаг тэр муу хүмүүсээс холдоно. Би чамд хайртай юм чинь уучилж бас бүр илүү хайрлаж чадна…
Гэвч Ялгууны тэр шөнийн асгарсан нулимс харамсал, гэмшлийнх биш байлаа. Бүсгүй юу ч ухаарсангүй. Өндөр настай аавыгаа, хайртай Аранжингаа хайрласангүй… Маргааш нь дахиад ирсэнгүй. Хэдэн өдөр утас нь хаалттай, алга болжээ.
Аавын нь санаа зовж, Аранжинг харахаас өр нь өмрөөд, гэртээ сууж чадсангүй.
Гэрээр нь орж гаран, хөлөө нугалчих шахам хэлхэлдэж гүйгээд байх болсон барзгар нүүртэй, туранхай хөх хүүхний утсыг хайж яваад, олоод авчээ.
… Бааранд зөөгч хийдэг гэж сонссоны дагуу явсаар очиж, Огоо гэх хүүхнийг сураглав.
Жаран нас хэвийж яваа өвгөн чихэндээ итгэх хэцүү яриа сонсох нь тэр.
– Танай охин чинь тийм сайхан нөхөртэй байж, муухай гаж донтой хүүхнийг дагаж гүйгээд салахгүй юм. Бид нар зөндөө хэлсэн. Бүр цагдаад хэлнэ гэж сүрдүүлж үзээд ч нэмэр алга….
– Гаж донтой тэр хүүхэн чинь яадаг хэрэг вэ?
– Та ойлгохгүй байх нь аргагүй ээ. Хар тамхи татаж мансуурна… Тэгээд бас болоогүй ээ ижил хүйстнээ сонирхдог… Өөрийгөө эрэгтэй гэж тунхаглаж явдаг юм.
– Юу уу..?!
… Огоо, Ялгуун хоёр гаднаас хүмүүс орж ирснийг анзаарах сөхөөгүй байлаа… Утаан хөшиг татсан, муухай үнэртэй харанхуй өрөө… Охин руу нь наалдан суусан хэрзийсэн хүүхэн тамхи салаавчилжээ… Ухасхийж очоод охиноо угз татсан өвгөн арагшаа саван уналаа…
Ам нь хөдлөх шиг болоход Аранжин баярлан:
– Аав аа… хэмээн дуудлаа. Энэ үг түүний амнаас яаж гарсныг өөрөө хүртэл гайхжээ. Эцгийн хайр амсаагүй энэ залуу хадам аавыгаа хоёр хоног сахиж эмнэлэгт хонов…
-Миний охин муу хүнтэй нөхөрлөснөөс биш тархи толгойд авсан энэ гэмтэлд буруугүй ээ. Хөгшин би хөл дээрээ тогтож чадахгүй унаад жаахан доргиосон бололтой. Одоо гайгүй ээ… хэмээн өндийж чадахгүй байгаа хэрнээ өргөмөл ганц охиноо өмөөрч суугаа өвгөнийг хараад Аранжингийн зүрх шимширч, анх удаа Ялгуунд гомджээ. Бүр нэрийг хэлмээргүй, сонсмооргүй санагдав…
Ганцаараа ирж, аавыгаа эмнэлгээс гаргаж авсан Ялгуун гэртээ оронгуутаа хоёр өвдгөөрөө газар лагхийн суугаад
-Тэнэг охиноо уучлаарай, аав минь… гээд асгаруулан уйлжээ.
Охиноо аргадмаар байвч өвгөн Аранжингийн “Одоо эрхэлдэг, эрхлүүлдэг нас нь биш. Та хушуу дэвсээд байх юм бол охин чинь улам цаашаа явна” гэж хэлснийг санан өрөөндөө ороод хэвтээд өгчээ.
Сайхан цай, хоол хийгээд бариад ирэхэд нь огшиж “ Миний охин ухаарсан байна” гээд үнсэх гэснээ хүртэл болив. Тэр өдрөөс хойш Ялгуун гэрээсээ гарсангүй. Аавыгаа тойлон, гэр орноо цэвэрлээд айлын охин хүүхэд шиг байлаа. Тэрээр цонхоор харж, хаалганы чимээ чагнаад Аранжинг харж, хүлээж байгаа нь илт.
Аранжин ирсэнгүй… Ирэхгүй гэдгийг аав нь мэдэж байсан атлаа охиндоо хэлсэнгүй.
-Хүү нь явъя даа. Та биеэ сайн бодоорой. Хайраар дутсандаа биш, бялуурсандаа ингэж яваа болохоор Ялгууныг битгий эрхлүүлээрэй, аав аа. Бид хоёр бие биедээ хайртай ч гэсэн хамт байх боломжгүйг ойлголоо. Намайг яваад өгөхөөр Ялгуун өөр болно, хараарай. Харин та нүүр өгч битгий эрхлүүл…
Эмнэлгээс гарахын нь урьд өдөр ирээд Аранжин ингэж хэлжээ.
Дуугарч чадахгүй хэсэг хэвтэж байснаа өндийж суусан өвгөн инээвхийлэн:
-Хүүгийнхээ хэлсэн бүхнийг ойлголоо. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг дээ… Одоо цаадахийг чинь эрхлүүлэхгүй… гээд өмнөө суух залуугийн толгой дээр удаан гэгч нь үнэрлэлээ. Явах гээд боссоноо Аранжин буцаж суугаад:
-Манай Ялгууны төрсөн жил, төөрөг мэнгийг та яг мэдэх үү… хэмээн шивнэн асуув.
Хөмсгөө зангидан бодлогоширч байсан өвгөн:
-Аав нь мэдэхгүй. Мэдэхгүй ч гэж дээ. Миний охин чинь бараг хөлд орох гэж байхдаа манай хүн болсон юм шүү дээ… гэснээ Аранжин руу бодолхийлэн харлаа.
Равдангийн харцнаас “Яаж байна” гэх асуулт бас тэр бүгдийг нарийн сайн мэдэхгүй өдий хүрсэн гэмшил хоёрыг олж харсан залуу:
-Би их сайн зурхайч таньдаг юм аа. Тэгээд Ялгууныг асууж, засал хийлгэе гэж бодтол:
-Наадахь хүний чинь зураг төөрөг солигдоод, бүр төөрчихөж. Төрсөн он, жил нь хүртэл буруу юм биш үү. Энэ бүгдийг мэдээд ир гэсэн юм… Явахаасаа өмнө тэр зурхайчаар Ялгууныхаа заслыг хийлгүүлмээр байна… гэв.
…Төрөхийн архивыг сайтар шүүлгэсний эцэст төрсөн он сар өдрийг тогтоож авав. Асрамжийн газрын архив ч санасныг бодвол цэгцтэй байсан тул “Нэргүй овогтой Улаанаа” гэсэн хүүхдийн ирсэн он, сар, өдөр, өсөлт торнилтын картыг олжээ.
Орцны үүдэн дээр орхисон байхад нь хүн олоод, цагдаагийн газраар дамжуулан Асрамжийн газарт очсон түүний овог, нэрийг өгсөн багштай нь уулзав.
-Ямар нэг суурь өвчингүй, эрүүл сарул, их хөөрхөн охин байсан… Манайд, миний гар дээр есөн сар гаруй болж байхад нь тохитой гэр бүлийн хоёр ирж өргөж авсан… Араас нь санаа тавьж асууж сураглахад их сайн айлд очоод сайхан яваа гэж сонсоод баярладаг юм… Ер нь хүүхдийн төрсөн он, сар, өдөр, цаг, минут зөрөх бол энүүхэнд шүү дээ. Хаягдсан, гологдсон, эсвэл амьдралын бололцоогүй хүний хүүхдүүд Асрахад ирдэг. Өөрийн гараар авчирч өгч байгаа мөртлөө гэрчилгээ, төрсөн картгүй аваад ирнэ. Манайхан тэр хүүхдэд нэр өгнө… Бас баримжаагаар төрсөн сар өдөртэй болгож бичиг баримттай болгоно…
Багшийн яриа Аранжинд улам ихийг бодогдуулж, бүр илүү харамсахад хүргэлээ.
-Анхнаас нь энэ бүгд бүрэн бүтэн байсан бол миний Ялгуун ингэж явахгүй… Зурхайчийн хэлээд байгаагаар бид хоёрын мэнгэ, төөрөг зөрөх учиргүй байж… За яахав, ямар ч байсан хайртай бүсгүйнхээ цаашдын зам мөрийг тэгшлээд авлаа…
… Гэрээс гарахаа больж аавыгаа аргадан, хоол цайг хийж өгөх охиноо харах тусам өвгөн өөрийгөө зэмлэх… Аранжин явснаас хойш аав, охин хоёр дуу муутайхан атлаа сэтгэл нь аядуу, дулаахан хоёр сар гаруй болжээ.
“… Охинтой боллоо гээд хөл хөөр болж байснаас бус бичиг баримт, төрсөн жил ус, мэнгэ энэ тэрийг огт тоогоогүй. Гар дээрээ аваад сар гаруй болсны нь дараа хүн гуйж бас болоогүй ээ ганц хоёр шил архины бөглөө мулталж дайлж байгаад “Равдан овогтой Ялгуун” гэж нэр өгөөд төрсөн он, сар, өдрийг өөрөө мэдээд бичнэ биз… Эмч нь миний охиныг одоо есөн сар 20 хоногтой гэж байна лээ шүү… гэж хэлээд явуулж байсан даа. Ээ мөн ч ухаарч цэгцэрдэггүй хорвоо юм аа… Миний охины буян заяа нь түшээд бузгай сайн хүүтэй учирлаа даа… Ханилж суухгүй ч гэсэн хойшдын замыг зассан гэдэг үнэн. Одоо миий охиныг хар…” Равдан ийн бодож сууснаа:
-Аав нь гарч хүн амьтантай уулзаж, охиндоо ажил хайдаг юм билүү… хэмээн их л зориг гарган байж асуув.
-Хэрэггүй дээ, аав минь… Охин нь гадагшаа явъя. Танд хэлэх гэснээ айгаад чадахгүй байлаа. Манай найзын ээж нь тусалж байгаа. Одоо удахгүй урилга ирнэ… гэсэн гээд өөдөөс нь дүрлэгэр алаг нүдээ тормолзуулан инээмсэглэлээ.
– Болж дээ, миний охин. Цаанаасаа буян өвөрлөөд ирсэн хүн болохоор ажил үйлс нь аяндаа бүтэх юм гээч… Аав нь хадгалсан хэдэн төгрөгөөрөө зардлыг гаргаад өгнө…
“…Хүний газар юу хийх гэж байгаа юм бэ… “ гэж ирээд, хоолойгоо зангируулж, дотогшоо мэгшин дуугаа хураах болов уу…” хэмээн айгаад хэлж чадахгүй байсан Ялгуун аавыгаа ингэж хэлэхэд жигтэйхэн их баярлав…
-Миний охин тэр гадаад паспорт бичиг баримтаа авсан уу.
-Санаа зоволтгүй ээ, аав аа. Аранжин над руу байнга ярьж байгаа. Өчигдөр орой хүртэл ярьсан. Надад тэр тухай бүх учир байдлыг хэлсэн. Тийм болохоор охин нь бичиг баримтаа бүгдийг шинэчилнэ…
… Жаргал, зовлонгийн намтрыг хэлэх мэт гүн үрчлээ суусан духан дээр нь гараа тавиад Аранжин өвгөний гарыг зөөлөн атгав. Шанааг дагах нулимсан бөмбөлөг унах агшинд Аранжин огшиж, нүдээ хүчтэй цавчлан нулимсаа эгшээж байлаа…
– Сайн байна уу, Та?
– Хэн бэ дээ? Манай Аранжин уу даа?
– Тийм байна. Таны бие сайн уу?
Нүд нь муудсанаас биш өвгөн тэнхлүүн хэвээр байлаа.
– Ирэх юм сан гэж байнга боддог мөртлөө ажилдаа түүртээд, зөндөө удчихлаа.
– Миний хүү чинь их сайн ногоочин, тариаланч болсон гэл үү… Би хүнээс байнга асууж, сураглаж байдаг юм… Охин минь, ирэх дөхөж байна аа. Солонгос руу яваад хэдэн жил боллоо. Бас нэг сайхан хүүтэй ханилсан. Энд ирж, анхныхаа хүүг төрүүлээд буцсан. Миний зээ одоо том эр болоод өвөөдөө зурагт асааж өгөөд бас сонсохгүй, харахгүй болгонд нүд чих болоод явж байна гэснээ:
-Анар-Эрдэнэ ээ, өвөөгийн хүү нааш ир… хэмээн хушуу дэвсэн дуудлаа.
Тас хар үс, цав цагаан царай, давхраатай алаг нүд, шөнтгөрдүү хөөрхөн хамартай ээжтэйгээ адилхан хөөрхөн хүү гүйж ирснээ:
-Өвөө энэ хэн бэ… гээд Аранжин руу харав.
-Миний хүү, ахтайгаа золгоорой… гээд өвгөн зээгээ Аранжинд ойртууллаа.
-Миний хүү чинь ёстой гал дээрээ гарсан зээ минь байгаа юм. Энэний араас хоёр охин гарсан. Муу охин минь хорвоо дээр надаас өөр түших хүнгүй шахам хүн шүү дээ. Одоо бол сайн хань, гурван сайхан хүүхэдтэй гээд өнөр өтгөн болсоон… Өвгөн би ч гэсэндээ өргөмөл ганц охиноосоо өөр юутай байлаа даа… Тэгсэн чинь миний хүү хоёр дүүгээ дагуулаад өвөөдөө хүрээд ирсэн. Ингээд би гэдэг хүн өнөр баян боллоо шүү дээ…
Өвгөн, Аранжин хоёр халуун дулаан яриа өрнүүлэн сууна.
Аранжин Сэлэнгийн хүн болжээ. Эхнэр авч, ихэр хүүтэй болсон гээд амьдралын нь намтар ч арвижиж.
… Чацаргана, улаан лооль тариалж газрынхаа шимийг хүртэж явна гэдгээ өвгөнд хуучилж суулаа.
– Таныг зун аваачна аа. Манай хоёр байлдагч мөрөн дээр чинь гарч суугаад ядраачих байх даа… хэмээн хэлээд Аранжин хананд өлгөөстэй байгаа Ялгууны зураг руу харав…
Орой болтол ярьж суусан Аранжин:
-Газар нутгийн минь шим өгөөж их юм аа. Танд би заавал хувь хүртээх ёстой хүн шүү дээ… гээд өврөөсөө дугтуйтай мөнгө гаргаж өвгөнд хоёр гардан барилаа…
Тэднийхээс гараад алхаж явсан залуу ойролцоохь хүүхдийн тоглоомын талбай дээр очиж, тухлан сууж аваад Ялгуунтай утсаар ярьжээ.
Ялгууны дуу цовоо цолгиун, дэндүү ойр дотно халуун дулаан сонсогдов… Аз жаргалтай байгаа нь илт. Аранжин догдлон баярлаж:
-Чи минь ингэж явах учиртай сайхан бүсгүй… хэмээн өөртөө дуулдахаар чанга хэлэв…
Суудлаа эзлэн тухалсан Аранжинд хэлсэн үг, яриа нь сонсогдоод төмөр замаар тачигнан хөврөх галт тэрэгний дууг ч эс анзаарах.
“… Намайг хайрандаа бөмбөрүүлэх тусам чинь цааш харж, чамайг ямар их зовоож байснаа бодохоос айдас төрдөг… Чамайг эргэж ирэлгүй, нэг удаа ч ярилгүй, таг чиг болсон сарын хугацаанд аав минь хүртэл амаа үдүүлсэн юм шиг чив чимээгүй суусан… Хэндээ бухимдаж, хэнд эрхлэх билээ… Өөртэйгөө ярьж, өөртөө гомдож эхэлсэн… Сэтгэлийг минь бүрхсэн тэр зэрэглээн дундаас яаж гарах вэ хэмээн бодож байтал чи ярьсан. Бүгдийг ойлгосон… Зэрэглээ яаж харагддаг билээ, чи мэдэх үү. Нэг их гоё өнгө, дүрс… Бариад авах гэтэл байхгүй. Яваад очихоор хоосон… байдаг тийм үү. Тэр үед би зөвхөн зэрэглээ харж, дагаж гүйж явснаа ойлгосон… Сэтгэл зэрэглээтээд ирвэл амьдралын их далайд төөрч, живэхийн шинж юм байна аа гэдгийг ухааруулж, ойлгуулж өгсөн чамд баярладаг шүү…”
Ялгууны энэ үг бүхэн түүнд нэгийг бодогдуулна.
“Хуурмаг бүхний илэрхийлэл гэмээр тэр зэрэглээ хаанаас гарч ирдэг юм бол… Байгаль эхийн том шалгуур юм биш үү. Тэгвэл хүний сэтгэл дотор зэрэглээ татах нь Бурханы шалгуур байж таарах нь. Манай Ялгуун Бурханы шалгуурт тэнцжээ. Сэтгэлдээ зэрэглээ татсаныг ухаарна гэдэг чинь миний гавьяа биш зөвхөн чиний ухаарал, урагш алхсан тэмүүллийн чинь ач тус…” Аранжин ийн бодож явтал галт тэрэг Мандал өртөөн дээр хүрч ирсэн байлаа.
Ж.Дүүрэнжаргал