Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Батжаргаланд холбогдох хэргийг хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Батжаргаланг шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15, 192.1 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Батжаргаланд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн “өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэсэн “хүнийг санаатай алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан баривчлах ял шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын төрлөөс хасагдсан үндэслэлээр ялаас чөлөөлж,
Г.Батжаргалангийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд нийцүүлэн зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 20 жилийн хорих ял оногдууллаа.