Монголд ажиллаж байгаа хойд Солонгосын ажилчдыг нутаг руу нь буцаана

2017 оны 12-р сарын 04 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24337570_1250271468437682_2076657539_n

Монголчууд гадагшаа явж ажиллахыг эрхэмлэдэг бол хойд солонгосууд Монголд ажиллахыг хүсдэг аж. Өнөөдрийн байдлаар 1190 солонгос Монголд гэрээгээр  ажиллаж байна. Тэд хоногт 12-16 цаг ажилладаг. Амралтын өдөр гэж байхгүй, сард 1-2 өдөр амардаг гэнэ.  Авч буй цалин хөлс даанч бага гэвч тэд ажилласаар байгаа.  Ажилчдын сарын цалин 300-1000 ам.доллар. Цалингаа бүгдийг авах эрх ажилчдад байхгүй. 10-30 хувийг л өөртөө авах эрхтэй, бусдыг нь эх орноо хөгжүүлэхэд өргөн барина. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын засгийн газар гадаадад ажиллах хүч илгээгээд орлогынх нь 70-90 хувийг авдаг. Хойд солонгосууд Монголоос гадна ОХУ, Хятадад гэрээгээр ажилладаг. Мөн Ази, Африк, Европ, Ойрхи Дорнодын улсуудад хямд ажиллах хүч болдог ажээ. Энэ судалгааг АНУ-ын төрийн департамент гаргасан байна.

НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улсаас Монгол Улсад гэрээгээр ажиллаж байгаа 1,200 орчим ажилчныг  энэ онд багтан нутагт нь  буцаахаар болжээ.

24337502_1250275018437327_1937422879_n

 Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100 мянга орчим хойд солонгос ажилчин ажиллаж, жилд 500 сая орчим долларын  орлогыг засгийн газартаа оруулж байна гэсэн тоог НҮБ гаргасан байна. Гэвч энэ мөнгийг хойдуудын эрх баригчид цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байгаа гэж үзсэн тул НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл гишүүн улс орнууддаа Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм. Тиймээс Монгол Улсад ажиллаж байгаа тус улсын иргэдийн гэрээг сунгахгүй, энэ онд багтаан нутагт нь буцаах болсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. “НҮБ-ын хоригийн хүрээнд хувийн компаниуд хөдөлмөрийн гэрээгээ сунгахгүй болж байгаа. Монгол Улс хоригийг бүрэн мөрдөж, хэрэгжүүлэх болно” хэмээн Гадаад хэргийн яамны ажилтан Ш.Одонбаатар AFP агентлагт ярьжээ.

Я.Манлай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх