Утаа гаргахгүй гэвэл яндангүй байшинг сонго

2017 оны 12-р сарын 04 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1

Манай улсын хамгийн тулгамдсан асуудал болох утаа, агаарын бохирдлыг шийдэх хамгийн оновчтой, үр дүнтэй байж болох шийдлийг монгол инженерүүд олж, үүнийгээ амьдрал дээр бодитоор туршиж эхэллээ. Энэ бол “пассив хаус” буюу байгалийн гэрэл, дулааныг түлхүү ашиглах архитектурын шийдэл бүхий “яндангүй байшин” юм. Олон улсын жишигт ийм загвар шийдэл түгээмэл байдаг ч манайд өдий хүртэл нэвтрээгүй байна. Харин Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн зохицуулагч, архитектор, техникийн ухааны доктор Б.Батболд олон жилийн судалгааны ажлынхаа үр дүнд энэхүү төслийг санаачлан боловсруулсан бөгөөд нийгэмд хямд өртөгтэй, дулаан алдагдалгүй сууц барих туршлагыг нэвтрүүлэх боломжийг одоо ч үргэлжлүүлэн судалсаар байгаа аж.

24297132_1614565971915324_315794412421316609_o

Техникийн ухааны доктор, архитектор Б.Батболд

Тэрээр төслөө барилгын компаниудад танилцуулахад үндэсний 21 компани дэмжиж, жишиг сууц барих бүх материалыг хандивлажээ. Ингээд Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо буюу нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт амьдрадаг иргэн өрх толгойлсон эмэгтэй Д.Сэлэнгийнхийг есөн айлаас шалгаруулж, 64 ам метр талбай бүхий яндангүй байшинг ердөө 15-хан хоногийн дотор барьж өгсөн байна. Өмнө нь монгол гэрт нүүрс түлж амьдардаг байсан Д.Сэлэнгийн гэр бүл өнгөрсөн баасан гараг буюу 12 дугаар сарын 01-ний өдөр огт гал түлдэггүй яндангүй байшиндаа орсон юм. Энэ үеэр Д.Сэлэнгэ “Ийм богино хугацаанд ийм тохилог сууцтай болчихно гэж үнэхээр төсөөлсөнгүй. Байшин минь үнэхээр дулаахан байна. Өнөөдрөөс эхлээд манайх нүүрс үнстэй зууралдах, утаа гаргаж агаар бохирдуулах шаардлагагүй боллоо. Нийгэмд хэрэгтэй энэ ажлыг санаачилсан, дэмжсэн бүх байгууллага, хүмүүстээ маш их баярлалаа” гэж догдлон ярилаа. Мөн хороо, хэсэг болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж яндангүй байшинтай нь танилцлаа. Тэд “Гал түлдэггүй хэрнээ нарны гэрлээр ийм дулаан байна гэж төсөөлж байсангүй” гэцгээн халууцсан бололтой гадуур хувцсаа тайлцгаав. Энэ үед байшин доторх дулаан хэмжигч 20 хэмийг зааж байв.

selenge

Анхны яндангүй байшингийн эзэн Д.Сэлэнгэ

Яндангүй байшингийн гол онцлогууд:

  • Нар руу харсан буюу нүүрэн талдаа шалнаас тааз хүрсэн том цонхтой учраас байгалийн дулааныг хангалттай шингээж авдаг.
  • Дотроо хоёр давхар боловч давхар хооронд онгорхой зайтай /войд/ учраас дулаан агаар давхруудад чөлөөтэй нэвтэрдэг.
  • Халаалтын хувьд нар болон эрчим хүчний хосолмол /hybrid/ хэрэглээтэй.
  • Дотроо 00, шүршүүртэй.
  • Хямд өртөгтэй.
  • Богино хугацаанд барих боломжтой.
  • Загвар, архитектур сайтай.
  • Байгаль орчинд ээлтэй.

Энэ мэтээр дурдаар байвал яндангүй байшингийн давуу тал маш олон. Халаалтын төхөөрөмж л гэхэд хүрмэн чулуугаар хийсэн учир эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаггүй, эрчим хүч маш бага зарцуулдаг гэх мэт онцлогтой байх жишээтэй.

24255083_1614564911915430_5040345635529919674_o

Цахилгаанаар халдаг хүрмэн чулуун түрхлэгт хавтан

Зардлын тооцоо, харьцуулалт:

  • Энгийн галлагаатай гэр болон байшинд амьдарч буй өрх хүйтний улиралд дунджаар 500-600 мянга орчим төгрөг түлшиндээ зарцуулдаг.
  • Яндангүй байшингийн эрчим хүчний зардал хүйтний улиралд 100-120 мянган төгрөг буюу дээрхээс тав дахин бага.
  • Яндангүй байшинг барих бүх өртөг 35 сая төгрөг буюу орон сууцны зах зээлийн үнээс 3-4 дахин хямд. /Нийт 64 ам метр/
24210219_1929992180360768_2844806621229179038_o

Төлөвлөсөн зургийн дагуу иргэн Д.Сэлэнгийнд барьж өгсөн яндангүй байшин. ЧД, 8-р хороо.

Байгалийн гэрэл, нарны туяа чөлөөтэй нэвтрүүлэх зориулалттай том цонхны урд заавал навчит мод тарих ёстой. Энэ нь зуны улиралд хэт халуунаас халхалж өгдөг бол өвөл нь навчаа гөвөөд нүцгэрдэг онцлогтой юм байна. Мөн дээврийн усаа хуримтлуулж, мод бутаа услана.

[006174]

Эгнээ сууц барих төлөвлөлтийн зураг

Яндангүй байшинг эгнээ байдлаар хэд хэдэн айл нийлээд барьж болно. Ингэвэл материалын болон дэд бүтцийн зардлаа хэмнэх боломжтой. Ер нь олон улсад row house буюу эгнээ сууцыг амины орон сууцны хамгийн үр ашигтай шийдэл гэж үздэг.

Жишээ нь, өнөөдөр манай гэр хорооллын айл өрхүүд маш их бохирдолтой маш том талбайг үр ашиг муутай ашиглаж байна. 10 айлаар жишээ авч үзье.

10ail

10ail gazar

10ail house

Эгнээ сууц төлөвлөх жишээ зураг

Тэгвэл энэ газрын ердөө гуравны нэгд л 10 айлын эгнээ сууц барих боломжтой. Ингээд үлдсэн 60 гаруй хувийн хоосон газраа эдийн засгийн эргэлтэд оруулж болно. Хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэг барих гэх зэргээр иргэндээ ойр нийгмийн үйлчилгээ нэвтрүүлсэн ч болох юм. Хамгийн гол нь энэ хэрээр агаар бохирдуулж буй яндан, хөрс бохирдуулж буй ил задгай жорлонгууд алга болно.

Утаа яагаад буурахгүй нэмэгдээд байгаа вэ?

Энэ асуултын хариулт маш тодорхой.

  • Бага, дунд орлоготой иргэд өндөр үнэтэй орон сууц бэлэн мөнгөөр худалдаж авах боломжгүй.
  • Ипотекийн зээлийн шалгуур хатуу, хүртээмж бага.
  • Гэр хорооллыг бүхэлд нь төвлөрсөн дэд бүтцэд холбох төсвийн боломж байхгүй.

Ердөө ийм шалтгаанууд байгаа учраас утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн билээ.

Шийдвэрлэх асуудал:

Ямартай ч “Яндангүй байшин” төсөл цаасан дээр бус газар дээр бууж, амьдрал дээр туршигдаж байна. Ийм байшинд гал түлэхгүй, утаа гаргахгүй, бага зардлаар тохь тухтай амьдарч болох нь ч нотлогдож байна. Тиймээс төр ч, иргэд ч энэ сайн туршлагыг аль болох олон айл өрхөд түгээн дэлгэрүүлж, бүх нийтээрээ хорт утаанаас ангижрахын төлөө хичээх шаардлагатай боллоо.

Мөн холбогдох эрх бүхий байгууллага төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд оновчтой бодлого боловсруулж, тохиромжтой зээл юм уу, санхүүгийн зөв шийдлүүдийг гаргах хэрэгтэй байна. Жишээ нь, одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийг амины орон сууцанд олгож болохоор журамд өөрчлөлт оруулсан ч нөхцөл шаардлагад нь “Төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон байх” гэсэн өгүүлбэр орсноор амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болсон. Тиймээс ипотекийн журмыг дахин өөрчилж “Бие даасан дэд бүтэцтэй, яндангүй буюу утаа гаргадаггүй амины сууцанд олгож болно” гэх мэтээр бодлогын дэмжлэг, зохицуулалт хийж болох юм.

Давхар боломжууд:

“Яндангүй байшин” төслийн бас нэг том давуу тал нь зөвхөн утааг шийдээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн амьдралд олон эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм. Яагаад гэвэл энэ загварын байшин барихад:

  • 100 хувь дотоодын үйлдвэрийн бараа материал ашиглах учраас дотоод эдийн засгаа дэмжинэ.
  • Нэг байшин барихад заавал тусгай зөвшөөрөлтэй том компани шаардлагагүй. Ердөө 5 хүнтэй баригад байх боломжтой учраас ажлын байр нэмэгдэж, барилгын мэргэжил, туршлагатай иргэдийн цалин орлого нэмэгдэнэ гэх мэт.
11

Интрьер төлөвлөлт

ogt

Дагуу огтлол

24271202_1612499842121937_1368558397_o

Барилгын ажлын явц

24293859_1614561845249070_7461749697991874298_n

Ариун цэврийн өрөө

24302093_1614564531915468_42421687810590632_o

2 давхарт байрлах ус нөөцлөх сав

24297169_1614563905248864_2105932662133378440_o

Гал тогооны хэсэг

Сонирхолтой нь:

Яндангүй байшин бол зөвхөн айл өрхийн сууцны шийдэл биш ажээ. Өнөөдөр нийслэлийн ихэнх хэсгийг хамарч буй гэр хорооллуудад байгаа нийтийн үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоо, аж ахуйн нэгжүүд бүгд яндантай. Бүгд утаа үйлдвэрлэгч. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ч яндангүй байшинг хямд зардлаар барьж болно.

Үүнээс гадна гэр хороололд яг ийм загвараар цөөн /10-20/ хүүхдийн сургууль, цэцэрлэг барьж болно. Заавал олон арван тэрбумаар нэгдсэн том барилга барих гэж төсвийн гачаалд орохгүй. Ялангуяа, бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ ирж очих гэж өглөө оройн цагаар хорт утаанд хамгийн их хордож, даарч хөрч явдаг шүү дээ. Тэгвэл хороо, хэсгүүдэд, хоёр гудамжны дунд яндангүй цэцэрлэг, бага сургууль барьчихвал хүүхдүүд дээрх бэрхшээлээс салчихна. Басхүү тэдгээр цэцэрлэг, бага сургуульд багшлах хүмүүсийн шинэ ажлын байрууд гараад ирнэ. Мөн л нийгэмд эерэг нөлөөтэй.

Амьдралын зөв хэв маяг:

“Яндангүй байшин” нь зөвхөн утааг шийдээд зогсохгүй иргэдийн амьдралд зөв хэв маяг, эерэг дадал хэвшлийг бий болгох сайн нөлөөтэй. Жишээ нь, орон сууцны хорооллуудад нийтийн эзэмшлийн талбай гэж байхаасаа байхгүй нь их. Айл өрхийн мэдлийн газар гэж байдаггүй. Тэгвэл яндангүй тохилог сууцтай айл хашаандаа мод бут тарьж, хүлэмж барьж, хүнсний ногоогоо өөрсдөө ургуулаад идэж болно. Тахиа шувуу тэжээх ч боломжтой. Эрүүл, шинэ хүнс хэрэглэсэн хүн эрүүл саруул амьдарна. Иргэд хүнсний ногооны болон өндөгний хальс гэх мэт биологийн гаралтай хог хаягдлаа хурааж байгаад зүлэг ногоогоо бордож, орчноо илүү сайхан болгохыг хичээнэ. Энэ нь хог хаягдлын менежментэд олон эерэг өөрчлөлт авчирна. Нэгэнт гал түлж, үнс тоос гаргадагүй орчин улам цэвэр цэмцгэр болно. Сайхан орчинд байгаа хүн илүү эрүүл, илүү бүтээмжтэй байж илүү урт насална. Энэ бүхэн нийлээд амьдралын зөв хэв маяг, зөв дадал хэвшил, сайхан нийгмийн эхлэл болох учиртай.

2

Яндангүй байшинтай хашаандаа граш, хүлэмж нэмж барьж болно.

Өнөөдөр утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш болжээ. Аймаг, сумын төвд ч утаа нэмэгдсээр, асуудал болсоор байгаа. Тэгвэл яндангүй байшинг хаана ч барьж болно. Мөн нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байх ч боломжтой. Утаанаас салж, амьдралын хэв маягаа өөрчлөх эсэх сонголт таны гарт байна.

Яндангүй жишиг сууц барихад дараах 21 компани материалаа хандивлаж, дэмжиж ажилласан байна.

“Изо Хаус” ХХК

“Айзава Монгол” ХХК

“Жи Эс Дорнын хөгжил” ХХК

“Түмэн тулгуур” ХХК

“Супер ган хаалга” ХХК

“Соёолж” ХХК

“Макс шил” ХХК

“Ган хийц” ХХК

“Мегавүүд” ХХК

“Ногоон нарс” ХХК

“Шүняада” ХХК

“Мон хөөс” ХХК

“Юни Си Энд Си” ХХК

“Кевико” ХХК

“Долоон болдог” ХХК kitchien all

“Ус Оюу” ХХК

“Мөнгөн цонх” ХХК

“Солонго орд” ХХК

“Дорнын өргөө” ХХК

“Монголын цахилгаан холбоо” ХК

“Дэлгэр-Онон партнерс” ХХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх