Хонх, дамар тачигнуулж, арц, хүж уугиулан бурхан болоочийн хойтохыг уншиж дуустал Равдан хөгшнийхөө хөлийг түшин дотогшоо мэгшиж суулаа. Бүснээс нь зуурчихаад бүлтийтэл зогсох балчирхан охин Ялгуун юу болоод байгааг эс мэдэх атлаа зөн совингийн айдсаа үргээх гэсэн шиг аавдаа улам наалдана.
Өвөр дээр нь эрхэлж, хуурай хоёр хөхийг хөндүүр болтол үлгэж байдаг ээж нь хорвоог орхичихоод байгааг ойлгох яагаа ч үгүй нас…
“Алгын чинээхэн энэ амьтныг яаж хүн болгоно доо…” хэмээн огшиж ирсэн Равдан охиныхоо зулай дээр үнэрлэснээ “Амьд үлдсэн улс учиртай. Харин 25 жил ханилсан хань минь чи дэндүү эрт орхиод явчих юм, даанч дээ…” гээд хурган үүлнээс буух хур адил үерлэн ирсэн нулимсаа охиныхоо магнайд шингээн хэсэг суулаа.
– Зул өргөөд, гарцгаая даа… гэж ламын хэлсэн үг тэртээ цаана сонсогдсон ч Равдан ой өнгөрч буй охиноо тэврээд босов.
… Тэр өдрөөс хойш аав, охин хоёр алтан дэлхийд 20 хавар айлчлан ирэхийг үзжээ.
Нойроо хугаслан, арван хуруугаа махийж, нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөсний хүчинд аав нь Ялгууныг танхил, хангалуун өсгөв. Цэцэг цэврүү шиг охиноо хэн нэгнээс харамлаж, шувууны сүүдрээс хүртэл дайжуулан байхдаа шантарч, санаа алдаж суусан удаа үгүй.
-Өтөлсөн хойноо өргөж авсан юм… гээд Равдан охиноо чангахан зандарч үзээгүй… Охиноо өсөх тусам аавын нь сэтгэл үймэрч, санаа зовох. Зарим үед яахаа мэдэхээ больж, аргаа барахдаа бурханы орныг зорьсон ханиа дуудан халаглах үе цөөн биш болжээ.
Өөрөө боловсрол мэргэжлийн хойноос улайраагүй, сургууль соёл төгсөөгүй хэдий ч Равдан:
-Миний охинд мэргэжил хэрэгтэй шүү… Бүсгүй хүн гэдэг чинь бусдын гар харахгүйн тулд заавал сурсан эрдэмтэй байх учиртай юм…хэмээн алс хэтийг нь харж, анхааруулан хэлсэн үгийг ялгаж, салгаж ойлгох тэнхэл Ялгуунд байсангүй. Хичээл, номонд дургүйдээ биш хэт бэлэн амьдралдаа аархаж, дураараа яваа охид сайхан санагдаад охин нь сургуулиа орхиж байхад:
-Өөрөө мэдэг дээ. Сайн хань учирвал сургуультай, сургуульгүй болдог л юм хойно…гээд дахин үг хэлэлгүй орхижээ.
Үеийнхэн нь хичээл, сургууль… гээд оюутны цүнх үүрэн гүйж явахад Ялгуун арай өөр зам руу хөл тавиад байгаа нь илэрхий болов. Эцгийн сэтгэл сэмэрч, охиндоо биш өөртөө гомдох нь ихэсчээ.
-Хүний хүүхдийг минийх болгож авсан би чинь одоо яадаг билээ… Миний охин хүнээ олж нөхөрлөж чадахгүй байна. Би охиноо сайн хүн болгох гэж хичээвч бас чадахгүй байна… Бурхан минь, охиныг минь саар хүнтэй үерхэж нөхөрлөөд байгааг болгоож соёрхооч…
Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, сайхан нүд, хөмсөгтэй бүсгүйн жаазтай зурагны өөдөөс харж суугаа өвгөн амандаа ийн хэлж залбирч суулаа. Тэгснээ Равдан зургийн урд бэлтгэж тавьсан том цөгцтэй зулыг өргөөд:
-Уужим ухаан тэнүүн сайхан сэтгэл юугаа нээж, хань минь ганц охиндоо туслаач… Миний хэлж байгаа бүх үгийг сонсч байна уу… хэмээн хоолойгоо зангируулж ирээд мэгшүүлэв.
… Өсч өндийсөн охиноороо өөрийгөө асарч тойлуулах гэсэндээ биш харин охиноо сайн, сайхан явуулах гэсэндээ энэ хүн талийгаач эхнэрээсээ тусламж хүсч, үгээ хэлсэн нь энэ.
Ялгуун оройтож ирэх нь багассан ч огт үзэгдэж, харагдаагүй, өөрөөс нь нэлээд хэд ах болов уу гэмээр залуутай уулзаж заримдаа бүр гэртээ оруулаад ирэх болжээ.
-Наад нэг хар юм чинь миний охинд хань болох юм уу… Элсч орсон сургуулиа “Сонирхолгүй, ийм мэргэжил эзэмшихгүй” гээд орхисон… Ээ дээ, их сайн бодоорой. Эх чинь амьд байсан бол чи ингэж явахгүй байсаан… Аавынх нь чадал энэ… Чамайг өдий зэрэгт арайхийж хүргэлээ дээ… Сургаал, гоморхол хослуулсан эцгийн энэ үг Ялгууны чихний хажуугаар өнгөрнө.
“ Аавд таалагдахгүй байгаа бололтой… Хайртай юм чинь Аранжинтайгаа заавал сууна…” Ялгуун ийн сээхэлзэнэ…
*** *** ***
…“Хотгороос татсан хэдэн төгрөг нь хатгаад алга болох шив дээ. Хүний үг хор болсон амьтан бэ… Хэзээ ирнэ гээд цонх ширтээд зогсч байх вэ дээ”
Ийн бодоод Ялгуун хоёр найзтайгаа утсаар ярив…
– Аав, тэтгэврээ авсан биз дээ… 50000 төгрөг өгөөч…
– Тийм их мөнгөөр яах нь вэ, миний охин…?
– Найзынхаа төрсөн өдөрт очих гэсэн юм аа…
Хашаагаа тэлж өргөтгөх санаатай Равдан хэдэн төгрөг цуглуулж байгаа юм санж, уг нь. Гэвч ганц охиноосоо харамлаж чадсангүй, 50 мянгыг сугалж аваад, өгчээ..
“Талийгаачид минь ажлын нь газраас өгсөн энэ байрыг охиндоо өгье… Сайн, муу нь мэдэгдэхгүй нэг хар юм ирж хоноод, нүүр рүү эгцэлж харахгүй сууж байгаад гараад явчих юм… Хоорондоо болж байвал хөгшин би хөндөлсөөд нэмэргүй биз… Хэдэн банз, мод цуглуулж байгаад тордчихвол хашаа байшиндаа очиж хэвтэх минь…
Өргөмөл ганц охиноо өөдтэй сайн ханьтай болохыг харчихвал надад өөр хоргодох юм байхгүй ээ” гэж бодох Равдан охиныхоо араас харж зогслоо..
Ялгуун найзуудтайгаа уулзаж, сэтгэлээ сэргээх гээд гарч яваа нь энэ. Таксинд суутал түүн рүү Аранжин утасджээ.
– Би нүцгэрчихлээ… Хүрээд ирэх арга байна уу…
– Чамайг битгий тогло гэж хэлсэн биз дээ…
– Миний хайр хүрээд ир. Ярих юм их байна аа, бас…
… Хонуут тоглосон Аранжин хөл нүцгэн хоцорчээ. Өмсч явсан гутлаа хүртэл тайлж өгсөн байлаа.
Шоронд найман жил суухдаа нуугдаж, дальдчин байж ходрох юм уу мушикдаад хоол, тамхиныхаа мөнгөтэй залгадаг байсан түүнд рулет эргүүлж мөнгө олно гэдэг амар биш байв.
-Очих газаргүй, таван төгрөг олох өөр арга байхгүй юм чинь ясаа гартал үзэлцэж байгаад томорно оо… Тэгээд дахиж энэ ширээ рүү зүглэхгүй…
Энэ бодолдоо баглуулчихаад Аранжин мөрийтэй тоглоомноос холдож чадахгүй яваа юм…
… Эгэл жирийн айлд өссөн түүний бага насыг ихрийн өрөөсөн гэх ховорхон хувь тавилан нь чимдэг байсныг тэрээр их хожуу ойлгожээ. Гурван дүүгээс нь нууж ирээд хөрш айлын хөгшид хүртэл Аранжинд хоёр чихэр өгнө. Цалингаа авсан ээж нь:
-Ах нь юм чинь, май миний хүү… гээд шинэ гутал аваад ирнэ…
Хүүхэд байхын үг дуу цөөнтэй, өөртэйгөө л тоглоод уйдах завгүй суудаг тэрээр сургуульд оронгуутаа ангийнхнаасаа арай онцгойрч харагдсан биз. Бага ангийн багш Дулам:
-Аранжин манай ангийн дарга. Хүүхдүүдээ та нар бүгдээрээ ангийн даргынхаа үгэнд орж, түүнээс үлгэр жишээ авч байгаарай… гээд түүний бичсэн анхны хичээлийн дэвтрийг үзүүлж байлаа.
Цэвэрч, нямбай, төлөв, төвшин өсгөж, хүмүүжүүлсэн ээжийнхээ ачаар сургуульд орсон анхны өдрөө ийн өргөмжлүүлжээ.
Аранжин, Алтжин хоёрыг хүн бүхэн өхөөрдөнө. Хажуугаар нь өнгөрөхдөө:
-Энэ хоёрыг хар даа… Ихэр мөртлөө хоорондоо адилгүй юм… Хүү нь арай царайлаг юм уу даа… гэнэ. Яагаад ч юм бэ, үеийнхэн нь хүртэл ихрүүдтэй найзлах, ойр дотно байх гэж тэмүүлнэ. Тэр хоёрт саймширч, юугаа ч харамлахгүй өгнө. Өсч, томрох тусмаа Аранжин олон найз, нөхдөөр хүрээлүүлэх болов. Үеийн охидын сонирхол түүн рүү чиглэж, түүнтэй үерхэх, дотно байх гэж хичээнэ… Харин үе чацуутан хөвгүүдийн зүгээс хөнгөн атаархал хийсгэхэд Аранжин эс тоон, айлын том хүү, гурван дүүгийн ах, ангийн дарга шиг дээгүүр харан алхана… Эр бие өсч өндийсөн ч ихрийн өрөөсөн гэх тодотгол нь түүнийг чимсээр байв…
Ховорхон хувь тавилангаар ирсэн гэдгээ мэдэрч, бахархдаг байсан залуу өнөөдөр нүцгэн хөлөө харж суухдаа “Уучлаарай ээж ээ… Хүү нь хичээж байгаад сайхан амьдарна аа…” хэмээн амандаа үглэж байлаа…
Гаднаас орж ирсэн Ялгууны барьсан уутан дотор гутал байгааг харангуутаа түүний зүрх халуу шатаад, нулимсаа барьж эс дийлэв…
Ааваасаа авсан 50000 төгрөгөөр Аранжинг гуталтай болгосон Ялгуун:
– Мөрийтэй тоглоом хар мөртэй гэсэн. Миний хайр дахиж битгий тогло. Хоёулаа ажил хийе… Аав чамайг аяндаа ойлгоно. Манайд хамт амьдаръя… гээд туяхан цагаан гараараа нулимсыг нь арчин байж, аргадлаа.
– Намайг ойлгоорой, Ялгуун аа… Гутал ч байхгүй, гуяа ганзагалсан эрд хэн таатай хандах вэ дээ… Хоёулаа сууна, хачин сайхан амьдарна… Гэхдээ арай болоогүй… Би чамдаа маш их хайртай… гээд нулимстай нүдээрээ түүн рүү харахад, бүсгүй толгой дохиод, доош харлаа.
-Унах нэг өдөр байхад босох өдөр байдаг юм шүү дээ. Миний хайр битгий зовж, шанал… Охиноо сайн сайхан амьдраасай гэж бодож байгаа нь аавын чинь буруу биш… Хамгийн зөв… гээд Ялгууныг энгэртээ тэврээд, хөнгөн гунигт автсан бор нүдээ онийлгон бодолхийлэв.
Аранжинг бугуйн цагаа харахтай зэрэгцэн утас нь дуугарчээ. Саяхан хүрлийж байсан царай нь хормын зуур өөрчлөгдсөн Аранжин босч утсаар ярилаа.
– Сайн мэдээ дуулгах гэж байна уу…гэсэн асуултаар эхэлсэн яриагаа:
– Яг одоо очлоо. Чи ганцаараа байгаа юм уу… хэмээн дуусгав.
Юунд ингэтлээ догдолсноо Ялгуунд хэлсэнгүй.
– Миний хайр, гэртээ харь. Хайр нь хүнтэй уулзчихаад, ярья… гэв.
– Намайг ганцаараа юу хий… гээд “Яв… харь…” гээд байдаг юм бэ хэмээн гоморхож, тунирхсан Ялгууныг аргадан:
– Бодож байгаа юм их байна аа… Миний хайр аяндаа ойлгоно… Хоёулаа насаараа хамт байх юм чинь, тийм ээ… гээд гараас нь татаж босгоод, хаалга тийш алхжээ.
“Хэнтэй, юу хийгээд яваа нь мэдэгдэхгүй энэ хүн надад хэзээ хань болох юм бол доо…” хэмээн бодох Ялгуун унаанд суугаад хөдөлтөл нь Аранжингийн араас харж зогслоо.
Хэн ч атаархам нуруу, ханхар цээж, өтгөн хөмсөг, өргөндүү шанаа гээд эр хүний сайхан бүгдийг шингээсэн төрх нь бүсгүйн нүднээ тодрон ирэхэд саяхан хуралдаад байсан бухимдал, гоморхол нь салхинд туугдах үүл мэт тэр дороо сарниж үгүй болов. Ялгуун тэндээс яарамгүй алхсаар найзууд дээрээ очжээ…
… Саяыг алдангуутаа, даагаа нэхэж тоглосон Аранжинг тэр өдөр аз тохиосонгүй. Халаасаа гөвсөн эр хамгийн сүүлд гутлаа тайлж өгөөд явуулжээ. Хар толгойгоо үгтээн байж:
-Хар мөртэй, энэ тоглоомыг дахиж тоглохгүй… гэж хэлээд сууж байсан. Тэгснээ хэсэг хугацааны дараа:
-Хожтолоо тоглоно. Хүний дор орж, ард нь гишгэнэ гэж байхгүй… хэмээн бодлоо өөрчилжээ…
“Халаасны цөөн хэдэн төгрөгтэй болчихвол би өөрийн гараар бүхнийг босгоно. Тэгээд хайртай бүсгүйтэйгээ сайхан амьдарна… Гайгүй том бооцоон дээр ганц л хожих хэрэгтэй байна”. Аранжин энэ бодолдоо хүлэгдээд, илүү цааш харж чадахгүй байв.
-Мөнгө аваад ир… Хөл нүцгэрчихлээ… гэж утас цохиход 5000 биш 50000 , 500000-ыг бариад ирэх өгөө, аваатай найзууд түүнд бий. Гэвч бусдын өмнө толгой гудайх дургүй, шазруундуу зандаа хөтлөгдөн Ялгууныг дуудсан хэрэг. Аав нь нүүр өгөхгүй байгаа хэдий ч охинд нь итгэж, хайраа өгсөн учраас нүцгэн хөлөө ганцхан түүнээс нуусангүй…
*** *** *** *** ***
… Зочид буудлын шатаар өгссөөр түүнийг хүлээх мэт өөдөөс харсан том хүрэн модон хаалгыг татлаа.
– Явсан ажил бүтэмжтэй юу?
– Ямар ч байсан тохиролцоонд хүрсэн…
– Хэдээр нөгөө надад хэлсэн ханш хэвээр үү…
– Цаад Хотгор чинь өөрөө гар хумхин суудаг мөртлөө “Үнэ, ханшаа нэм… нэм…” гээд солиордог юм.
– Урьд нь хэр олон “бараа” борлуулсан юм бэ. Уг нь та хоёрын гар нийлээд, үнэ ханшин дээрээ хамгийн сайн ойлголцдог юм биш үү…
– Дотооддоо нийлүүлсэн гэвэл чамлахааргүй ээ… Харин одоо чинь гадаадын жуулчдыг амдуулж намнах гээд арай өөр шинэ төлөвлөгөөгөөр ажиллаад байгаа юм шүү дээ. Ханшийн хувьд ойлголцдог байлаа. Сүүлийн үед улам шунаад үхэх гээд байх болсон…
Энэ бүсгүйтэй гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ.
Дэндүү муухай аргаар мөнгө олж яваа Хотгорыг ойлговол ойлгохоор хэд хэдэн удаа тэр сэдвээр ярилцаж үзжээ. Гэтэл Аранжингийн санаа, бодлыг үгүйсгэж бүр барилцаж авах дээрээ тулсан удаатай…
-Хотгортой хамтарч чадахгүй… гэдгээ ойлгуулаад гэрээс нь гарсан Аранжин “Охид бүсгүйчүүдийг мөнгө болгодог” тэдний голомт болон түүнийг дагасан сүлжээг олж тас татахаар зориг шулуудсан хэрэг…
-Хоттойгоо танилц… Хүн амьтны нүүр харж, ярилцана аа, хө… хэмээн цээж түрж, хоолойгоо шахан байж ханхалзсан Хотгорыг дагаж, хэдэн орой хамт яваад Алдармаа гэх бүсгүй түүний “хүүхэлдэй” юм байна гэдгийг мэдэж авсан. Тэр тусмаа Хотгорын дээрэнгүй бас хаялга муутай зан нь тэр бүсгүйд таалагддаггүй болохыг сүүлд нэг удаа утсаар ярихдаа анзаарчээ…
Ингээд ажилдаа орсон Аранжин Алдармаагаар дамжуулан тэдний “ажил”-ын гүн рүү орохоос өмнө олдог ашгийн тооцоог өөрийн гараар хийх гэж яваа нь энэ…
– За тэгээд…
Алдармаа ширээн дээрх товчлуур дарснаа хоолойгоо засч, тамхи асаав. Үйлчлэгч орж ирэн, захиалга аваад гартал тэрээр дуугарсангүй. Аранжингийн захиалсан хүйтэн жүүс ирсний дараа ам нээлээ.
-Чамаас юуг нь нуух вэ… “Уул, уурхай сонирхож ирсэн гадаадын хэдэн баячуудад яаралтай 10 охин олж өг” гээд цаадахь чинь суулгахгүй байгаа юм. Алдармаа арайхийн ингэж дуугарав. Хөх инээд нь, зэвүүцэлтэй нь зэрэгцэн тулж ирсэн Аранжин:
-Чи бид хоёрт дахиад ярих юм байхгүй ээ… Би наад ажлыг чинь бүтээж өгье… Тохиролцсоныхоо дагуу өгөх урьдчилгаагаа авчирсан биз дээ гээд Алдармаа руу цоо ширтлээ.
-Авчирсан… Алдармаа итгэл муутайхан ийн дуугараад ширээний буланд тавьсан жижгэвтэр дөрвөлжин хүрэн цүнхээ онгойлгов…
Түүнийг мөнгө тоолж байх хооронд:
– Цаадахдаа үг алдаж болохгүй гэдгээ надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Цаг нь болоод ирэнгүүт би өөрөө учрыг тайлбарлаж өгөх болно… хэмээн сануулаад авлаа…
… Унасан ч, утаа гартал хожигдсон ч унааны мөнгөө авч үлддэг болохоор Аранжин амь тарианы 2000 төгрөгөөрөө хөл залгаж энд ирснээ бодвол 2000 ам. доллар халаасандаа хийж, алхаа нь хүртэл арай өөр болоод, гарч одов.
*** *** *** *** ***
… -Ээж чинь, хүүдээ өгнө… гэж ярьдаг байсан. Эргэж тойрч харж, хандаж байгаарай гээд надад аминчлан захисан юм сан… Гэтэл нэг өглөө машинтай баахан улс ирээд байшинг нурааж ачиж аваад явсан… Хөгшин хэсэг дуугүй сууснаа яриагаа үргэлжлүүллээ.
-Гадагшаа явах гэсэн чинь мөнгө дутаад энэ хашаа байшинг зарлаа. Ахыгаа ирэхээс өмнө би орон байр зэхэхийг бодно оо гэж байсан… Ээжээсээ хойш Алтжин их хүнд ачаа үүрсэн шүү, хөөрхий… Өөрөө явснаасаа хойш, жилийн дараа хоёр дүүгээ татаж авлаа гэж дуулдсан. Ямар ч байсан гурван дүү нь Японд сайн амьдарч яваа…
Аавынхаа нэрээс бусдыг мэдэхгүй өссөн Аранжин энэ үед “Эрчүүд бид ер нь хэнд хэрэгтэй хүмүүс вэ… Би л лав аавын алдар, гавьяаг мэдэхгүй… Тэгтэл аавын оронд аав нь болж явах ёстой намайг хар…” хэмээн өөрийгөө улам ихээр голов.
… “Ах минь сайн уу… Бид нар хамтдаа байгаа болохоор санаа зовох хэрэггүй. Ээж минь тэнгэрийн орныг зориод, ах минь хамт байх боломжгүй учраас бид гурав бусдын адил амьдрахын тулд хүний газар ажил хийж байна. Гурвуулаа цуг байгаа болохоор дажгүй… Биеэ бодоорой. Хамгийн ухаантай, хамгийн их хайртай ах минь, яагаад ингэж яваа, хойшид яаж амьдрах тухайгаа бодож тунгаагаарай… “Миний хүү их мундаг, ухаантай…” гэж ээж таныг дандаа магтдаг байсныг санаж байна уу. Энэ магтаалын эзэн нь байж чадна гэдэгт гурван дүү чинь итгэдэг ээ…” Нэг өдөр Аранжинг дуудаж цаасан хайрцагтай илгээмж өгчээ. Хайрцагтай юмны хамгийн дээд талд дугтуйтай захидал байлаа. Яаран задлахад ингэж бичээд гурван дүү нь нэрээ бичжээ. Бас хамт авахуулсан зургаа явуулсан байв.
… Ар гэрээс нь ямар нэг хэл сураггүй бүтэн жил болжээ. Хотоос зайдуу хол байгаа хэдий ч ээж нь сард нэг удаа эргэлтээр ирдэг байлаа… Гэтэл ямар нэг хэл чимээгүй болсон энэ урт хугацаанд Аранжин шаналж, өөрийгөө зэмлэн, өөртөө гомдохоос илүүг хийж чадахгүй байлаа. Гэтэл ээжийгээ бурхан болонгуут гурван охин дүү нь Япон руу явж гэдгийг ах нь ингэж мэдэв…
Ээждээ дахин үнсүүлж бас ээжээрээ дахиад магтуулж чадахгүй болсноо ийн мэдсэн эр уй гашууд автан сөхөрч ирэхэд, дүү нартаа баярлан, тэднээр бахархах сэтгэл нь түүнийг толгойг өндийлгөж байжээ…
Үүргэвчээ дэрлэн хашааны сүүдэрт хэвтэж байхдаа Аранжин энэ бүгдийг нэхэн саналаа…
Бас хамар хашааны хөгшний хэлсэн үг түүний энэ бодолд эрч нэмж өгчээ. “Ээж минь хүүдээ итгэж байсан байна. Энэ айлын голомтыг авч яваг гэсэндээ энэ бүгдийг ярьж, захисан хэрэг. Миний дүү нарт хэрэг болоод байшин, хашааг зарсан хэрэг. Би ер нь юу хийсэн гэж бэлэн юман дээр хөлбөрч хэвтэх вэ дээ…”
… Танил, дотно гудмаар алхаагаа түргэсгэн, түргэссээр иртэл шувуу оройтой дүнзэн байшин нь харагдахгүй байлаа. Нүдэндээ итгээгүй залуу бүр лавшруулан харж байгаад хашааны хаалгыг тогштол:
-Худалдаж авсан… гэх хариу өгөөд хаалгаа тасхийтэл хаажээ… Нүд нь нулимсаар, цээж нь гомдлоор дүүрсэн залуу “Намайг хог дээр амьдар…” гээд хаяж, явсан юм байна” хэмээн өөрийгөө хүлж байсан бүх хар муу бодлоо энэ хоромд үлдэн хөөлөө.
Нэлээд удаан хэвтсэн, түүний нурууны чилээ гарчээ. Нуруу тэнийхэд сэтгэл нь хүртэл дагаад тайвширч, цэлмэсэн мэт санагдав. “Хаачих вэ…” гэж дахин өөрөөсөө асуулгүй, Хотгор гэх гал хамынхаа хаягийг барин алхлаа.
… Дарьтын колонид аяга цайгаа хувааж уудаг байсан Хотгор түүнийг дотно хүлээн авчээ…
Томчуудыг нь биш юмаа гэхэд дунд гарын тоглоомчид, биеэ үнэлэгчдийг холгож, амьдралаа залгуулдгийг ярианаас нь ойлгосон Аранжин “Нэг их удаан хамт байж болохгүй…” хэмээн өөртөө сануулав. Хотгор найзыгаа хооллож, хувцаслаж хоёр сар хэртэй гэрээс гаргалгүй шахам тойлжээ.
– Одоо гар… Орчиндоо ор… Ажил, алба хөөцөлдөөд нэмэргүй ээ… Чи, бид нарыг авах газар олдохгүй… Олон юм бодож тархиа гашилгаад хэрэггүй, намайг дага…
Нэг л өдөр Хотгор ингэж хэлэв. Дотор хүнтэйгээ зөрчилдөн байж Аранжин түүнтэй хамт явж үзэх шийдвэр гаргалаа.
… Хотгорыг дагасан хоёр дахь шөнөө Ялгууныг харангуутаа:
-Ёстой зураг шиг бүсгүй байна даа… хэмээн дуу алджээ.
-Таалагдсан хүүхнээ ав… Хам нь дохиход, цаадуул чинь аваад ирнэ. Хотгорыг ингэж таахалзахад:
-Чи юу яриад байгаа юм бэ… Харсан, хайрласан хүүхэнтэйгээ уулзахдаа хүртэл хүний гар оролцуулах хэрэг үү… гэж Аранжин ихэд дурамжхан дуугарав. Хотгор түүний занг сайн мэдэх учраас дахин дуугарсангүй. Цааш эргэж, ширээнийхэнтэйгээ мар мар хийн, тоглоомчдыг үгээр өдөж, хорхойг хөдөлгөх ажилдаа улайрав.
Зэргэлдээх ширээнд нь суугаад ундаа уунгаа, их л аминчхан яриа өрнүүлж байгаа хоёр бүсгүйгээс харц салгалгүй зөндөө уджээ. Аранжин босч зүрхийг гижигдэн, соронз мэт татаад байгаа бүсгүйн ширээний дэргэд очив.
-Уучлаарай, энд сууж болох уу…
-Өөр ширээ алга уу…
-Үгүй ээ, заавал та хоёртой цуг суумаар байна…
Ярианд нь саад болсонд дургүй байгаа нь илт байсан нөгөө хоёр гайхсан мэт түүн рүү харжээ.
-Заавал… юм бол суу л даа… гэж хөөрхөн, цагаан бүсгүйг хэлэхэд Аранжин тэдний өөдөөс харсан сандал дээр бушуухан суугаад авав.
Ялгуунтай ингэж танилцжээ… Тэр шөнөдөө ирээгүй Аранжинг өглөө очиход Хотгор аманд нь орох шахан олон юм асууж, байцаажээ.
-Сайхан хүүхэн өвөртөө хийх ямар байна…
-Тийм сайхан бүсгүйтэй шууд унтаж, хэвтэх тухай ярьсангүй… Би тийм хүн биш…
– Яагаад гэж Хотгорыг басамжилсан өнгөөр асуухад мань хүн:
– Хайрлаад… гэхээс өөр үг хэлсэнгүй.
-Мөнгөний машин олж ирэх нэг хүнтэй боллоо гэсэн чинь… хэмээн тоглох, шоглохын завсар хэлсэн үгээ Хотгор дуулдах төдий хэлэв…
… Тэднийд анх очсон шөнөө буу халан элдвийг ярин нойргүй хоножээ. Тэр үед Аранжин:
-За, Хотгор минь чиний амьдарч байгаа арга надад таалагдахгүй байна шүү… Би чинь гурван охин дүүтэй хүн гэдгийг чи мэднэ дээ. Тэд нар минь аавын хайр амсаагүй өссөн. Ахын хайр гэж бас мэдрээгүй яваа. Тийм болохоор чи охид, бүсгүйчүүдээр мөнгө олох ажлаа надад дахиж битгий яриарай. Чи ийм аргаар мөнгө олж байгаа бол хол явахгүй ээ. Харин хаана очих билээ гэдгээ надаар хэлүүлэлтгүй мэдэх хүн… хэмээн хатуухан сануулсан удаатай.
Гэтэл Хотгор өөрийн санаа бодлоо огт өөрчлөөгүйгээр үл барам бүр Аранжинг шат, гүүр болгох санаархлаа ил гаргасан нь түүний олон хоногийн өмнө хадгалсан нэг командыг сануулав.
– Хүн шиг угтаж авсанд баярласан шүү. Чи, бид хоёрын алхаа нийлэхгүй нь тодорхой байна. Уг нь чамд ойлгуулж хэлсэн гэж бодоод өдий хүрлээ….
Ингэж хэлээд гарсан Аранжинг Алдармаатай холбоо тогтооно гэж Хотгор зүүдлээ ч үгүй. Харин Алдармаагаар дамжуулан найзыгаа урхидах башир санааг мэдэнгүүтээ зөрүүлэх мэх хийж Аранжин энэ бүсгүйг өөрийн талд ашиглаж чаджээ…
… Аранжин тийм ч амархан амьдралд хөлөө олсонгүй. Айл, айл дамжин хоног төөрүүлж, аль эсвэл орой шөнийн цагийг мөрийтэй тоглоомын газар өнгөрүүлж явав.
Нэг өдөр хамар хашааны Дулам гуай ач хүүгээ дагуулан явсаар түүнийг олоод иржээ.
-Чи чинь яасан олддоггүй хүүхэд вэ… Гурван дүү чинь сарын дараа ирнэ гэсэн. Тэгээд чамайг гарсан гэдгийг мэдэнгүүтээ надтай ярьсан. Чамайг хамгийн түрүүнд утастай болгоорой гэсэн… Аахичин байж ингэж ярьсан эмгэн өврөөсөө цоо шинэ гар утас гаргаж, Аранжинд өглөө. Үг хэлж чадахгүй огшиж суутал:
-Одоохон чам руу цаад гурав чинь ярих байх аа. Алив миний хүү эмээгийнхээ утсыг гаргаад ир. Над руу ярина гэсэн… Аранжин минь, чамд цоо шинэ байранд орж, төвхнөх гээд бөөн ажил ундрах гээд байна аа… “Ахдаа байр авч өгнө… гээд шинэ орон сууцны үнэ ханш байнга асуудаг юм… хэмээн үргэлжлүүлэн ам хуурайгүй ярьсаар… Төдий л удаагүй байтал Дулам гуайн гар утас дуугарчээ…
Багын найз Уугантайгаа уулзаж:
-Толгой хоргодох газар олж өгч туслаач. Найз нь түрээсний байрны үнэ хөлсийг дийлэхгүй ээ… хэмээн учир байдлаа хэлжээ.:
-Манай зуны байр хагас дулаалга хийсэн, нэг их хүйтэн биш. Тэнд амьдар… Хоол, хүнсээ болгоод байх юм бол ямар ч үнэ хөлс зардал гарахгүй. Хашаанд чинь байгаа манай нагац ахын нам даралтын зуухаар шууд халааж болно…
Ингээд найзынхаа зуны байшин байгааг хайсаар яваад олж ирсэн Дулам гуай тэр өдөр магнайг нь тэнийлгэсэн сайхан мэдээгээр Аранжинг мялаасан байна. Гурван дүү нь булаацалдах шахам ахтайгаа ээлжлэн ярьж, бэтгэрсэн сэтгэлээ дэвтээжээ…
Харагдаж байгаа бүхэн нь гэрэл, гэгээтэй, сайхан санагдаад явчихлаа. Давчдуулж, бачимдуулаад байсан уйтай бодлууд ул мөргүй арилжээ. Орчлон ертөнц уужим тэнүүн юм байна. Тэрээр зөвхөн гутлынхаа өлмийг харж явснаа энэ үед мэдрэв. Түүнийг ганцаардал, харуусал хүлээд байсныг ухаарчээ. Эхийн хэвлийгээс цувж төрсөн дүү нар руугаа утсаар ярилгүй, “Хэзээ ирж уулзахыг нь харна… Намайг бараг мартсан биз…” гээд утсан улаан амиа аргацаах гэж ядаж явснаа бодохоосоо хүртэл ичиж, өөрийгөө ихэд голов.
Ж.Дүүрэнжаргал /Үргэлжлэл бий/