Хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр маргааш болно. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-нд тохиодог энэ өдрийг өдгөө “Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, олон талын үйл ажиллагаа зохион байгуулах энэ өдөр өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.
Тухайлбал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлэх юм байна. Тус үйл ажиллагааны нээлт “Тэнгис” кинотеатрт 18:00 цагаас болох бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцоно.
Мөн энэ өдөр НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд “ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-т нэгдэж байгаагаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах юм байна.