Монгол бүжгийн гайхамшгийг дэлгэрүүлсэн Ц.Нанжидын урлагт зүтгэсэн 70 жилийн ойг тэмдэглэнэ

2017 оны 11-р сарын 27 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nanjid

Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсний 70 жилийн ойг 11,12 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ.

Ойн хүрээнд “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” баримтат киноны нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлэгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа тухай   уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийв.

Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Д.Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил”-ийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 28-наас ирэх сарын 4-нийг хүртэл зохион байгуулах юм.

Д.Нанжид нь орчин цагийн Монголын бүжгийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, анхны мэргэжлийн бүжигчдийн нэг билээ.  Тэрээр нэрт бүжигчин, багш, бүжиг дэглээч, судлаач, өв тээгч юм.  Монголын бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Л.Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийнхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Ш.Аюушийн хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж бүжгийн урлагийн урын санг баяжуулсан төдийгүй “Эрх ишиг”, “Аягатай дөрвөд”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож, 40 гаруй бүжгийг гоцлон бүжиглэсэн нь түүний нөр их бүтээлч, уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой.

Д.Нанжид Монголын уламжлалт бүжиг тэр дундаа бий биелгээг судалгааны эргэлтэд оруулж, уран бүтээлийн арвин баялаг туршлагадаа суурилан “Д.Нанжидын Монгол бүжгийн сургалт”хэмээн нэрлэдэг монгол бүжгийн өвөрмөц онцлогийг хадгалсан өөрийн дэг сургалтыг бий болгожээ. 1993 оноос СУИС-д багшлах хугацаандаа “Монголын уламжлалт бүжиг” хичээлийн хөтөлбөр боловсруулан, бий биелгээний олон арван элемент, хөдөлгөөнийг сургалтад оруулж, нэр томъёо оноон өгсөн нь Монгол бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Д.Нанжид багшлах хугацаандаа бүжгийн урлагт олон зуун шавь төрүүлсэн бөгөөд тэдний дундаас УГЗ Д.Баярбаатар, З Д.Энхгэрэл, МУГЖ, доктор Д.Бэхбат, СУИС-ийн багш, доктор Ж.Эрдэнэхорлоо, багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, Л.Баттөр, Т.Отгонсүрэн, Ш.Дамдинбазар, А.Хосбаяр нарыг онцлон дурдаж болно. Түүний хэвлүүлсэн ном сурах бичиг, эрдэм шинжилгээний олон арван илтгэл өгүүлэл нь өдгөө Монголын бүжгийн урлагийн сургалт, судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн, гарын авлага болж байна. Тэрээр 2010 онд “Монголын уламжлалт бий биелгээ”-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Мөн хилийн чанадад олон улсын уралдаан тэмцээн, тоглолт фестивальд удаа дараа амжилттай оролцож үндэснийхээ бүжгийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэлж барамгүй гавьяа байгуулсан билээ.

Н.Дөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх