Төсвийн мөнгөөр “гараа угаасан” захиран зарцуулагчдыг аудитын шалгалтаар илрүүлжээ

2017 оны 11-р сарын 27 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tusuvv

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар маш ноцтой асуудлуудыг ил болгосон байна. Тэрээр мэдээлэхдээ  “Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу жил бүр улсын хэмжээнд 6700 гаруй төсөв захирагчийн санхүүгийн тайланд аудит хийн, дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу 2016 оны санхүүгийн тайланд аудит хийхэд 31 төсвийн ерөнхийлөн захирагчаас 11 нь хязгаарлалттай дүгнэлт авсан. Монгол Улсын түүхэнд ийм тохиолдол байгаагүй. Энэ бол манай улсад төсвийн сахилга бат ямар хэмжээнд байгааг харуулж байна. Тиймээс Ерөнхий аудиторын хувьд аудитын тайлангаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлтийг шалгах аян зохион байгууллаа. 13 төсвийн ерөнхийлөн захирагч буюу яамдад өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлт 2017 оны есдүгээр сарын байдлаар 44-95 хувийн биелэлттэй байна. Улс орны эдийн засаг, улс төрийн хямрал эцсийн дүнд сахилга хариуцлагатай холбоотой” гэжээ.

Монголын түүхэнд гарч байгаагүй том зөрчил гарлаа гэж Ерөнхий аудитор онцолсон нь төсвийн ерөнхийлөн захирагч нар дэндүү дураараа авирладагтай холбоотой аж. Аудиторуудын тайлангаас харахад, төрийн өмчит компаниудын ажил урагшилсангүй харин ч уруудаж дордсон  байна. Шалгалтаар “Монголын төмөр зам”, “Мон-Атом” зэргээс  луйврын шинжтэй санхүүгийн зөрчил илэрсэн учраас  хуулийн байгууллагад шилжүүлжээ. Дээр дурдсан байгууллагуудын тухайд хөрөнгө оруулалтыг маш ихээр татдаг хэрнээ эдийн засгийн үр өгөөжгүй, зардал, бүтэц нь хэт их. Ерөнхийдөө санхүүгийн чиглэлийн элдэв асуудалд өртөмтгий газрууд. Дээр нь татвар болон бусад талын өр зээлийн эргэн төлөлт хийгдэлгүй хэдэн жилийг дамнасан байдаг байна. Хамгийн гол нь, аудитын шалгалтаар эрүүгийн шинжтэй хэд хэдэн зөрчил илэрсэн болохоор хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу шилжүүлсэн байна. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын хэлснээр, эдгээр зөрчлийг хэд хэдэн удаа шалгасны дараа ийм шийдэлд хүрчээ. Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зэргээс их хэмжээний зөрчил илэрсэн тул акт тогтоосон байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хувьд тариаланчдад олгох зээл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээний төслийг төвлөрүүлдэг өргөн эрхтэй хийх ажил ихтэй байгууллага. Тус сан Атрын III аяны хүрээнд 2008 онд Улсыг хөгжүүлэх сангаас 80.9 мянган тонн улаанбуудай авсан байна. Гэтэл буудайн төлбөрийн үлдэгдэл болох 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төлөөгүй өнөөг хүрчээ. Усалгааны системийн үнэ гэгдэх 241.3 сая төгрөгийг санхүүгийнхээ тайланд оруулалгүйгээр барахгүй  дутаасан нь аудитын шалгалтаар илэрсэн. Мөн өнгөрсөн онд нийт 84 тэрбум төгрөгийн өглөг, авлагын тооцоог гаргаагүй байсан нь нэгэнт тодорохой  болсон тул хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн тухай асуудал,шинэ төмөр замын тухай  яригдахад   БНСУ-ын Самсунг Си энд Ти корпорацийн тухай мэдээлэл гарч ирж байна. Тодруулбал, “Монголын төмөр зам” ТӨХК нь Самсунг Си энд Ти корпораци, Эс Си Ти И Си Эм компанид төлсөн 39.2 сая ам.долларыг аудитад тусгаагүй, гүйцэтгэл нь тодорхойгүй байжээ. Энэ компани болон шинэ төмөр зам, “Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой маш их хэмжээний мөнгөний маргаан одоо ч үргэлжилсээр байгаа билээ. Аудитын шалгалтаар “Монголын төмөр зам”-аас Хандгайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг хүлээн авсан баримт нь байгаа ч өртөг зардал нь байхгүй, бүртгэлд оруулаагүй нь илчлэгдсэн аж. Үүнээс гадна “Ухаахудаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концесс”-ын гэрээний төлбөр 83.7 тэрбум төгрөгөөс 45.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүртгээгүй байжээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар  “Зээл тусламжаар орж ирсэн мөнгө, эд зүйлсийг хууль бусаар худалдан борлуулсан, шилжүүлсэн, бүртгэлд тусгаагүй, хэт доогуур үнээр худалдсан, хөнгөлөлт чөлөөлөлтийг хууль зөрчиж олгосон, зарим бүтээн байгуулалтыг дуусгахгүйгээр орхиж, улсын төсвийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан зэрэг зөрчлүүд байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өөр хүний нэр дээр ашигладаг, өгдөг зөрчил илэрсэн.

Сангийн үлдэгдэл мөнгийг арилжааны компаниудад бага хүүтэйгээр байршуулдаг зөрчлүүд гарч байна. Нийгмийн даатгалын сангаас үр дүнгүй хөрөнгө оруулалтууд хийгдсэн, зарим сумдад 2-3 ажилтантай мөртлөө олон давхар барилга барьснаас ашиглалтын зардал их гарч байгаа зэргээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, улсын төсөвт дарамт болж байна” гэдгийг онцолсон.  Төсвийн ерөнхийлөн захирагч гэж улсын мөнгө хөрөнгөөр “туйлж”,баруун солгойгүй цацаж үрэн таран хийх эрхтэй хүн биш ээ.  Монгол Улсын Төвийн тухай хуулийн 4.1.36-д ““төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасан .Төсвөөс хуваарилагдсан мөнгийг  захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнуудын гуравны нэг нь  2016 онд хариуцлагагүй ажилласныхаа төлөө   хангалтгүй үнэлгээ авсан нь төрийн мөнгийг хайр найргүй шамшигдуулж,идэх ууж, үрэн таран хийж,ашиг хонжоо хайж байсны нотолгоо болов уу. Юутай ч төр мөнгө хөрөнгө хааш одсоныг шалгаж буруутай эздийг тодруулжээ. Хэрхэхийг харах л үлдэв.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх