Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилжээ.
Ж.Амарсанаа нь 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач, 2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан.
2008 оны тавдугаар сард Монгол эх орондоо ирж Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөхийн ажлыг тус тус хийжээ.