16 настнууд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, зан заншлаа өвлөн дэлгэрүүлэхээ андгайллаа

2017 оны 11-р сарын 27 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
andgai2

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 15 дахь жилдээ Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран “Бүгд Найрамдах Улс Тунхагласан” өдөр буюу 11-р сарын 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр “Монгол Улсын Иргэний Андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор тасралтгүй зохион байгуулж байна. Өнөөдрийн ёслолд 16 настнуудын төлөөлөл 850 гаруй сурагч оролцож, шилдэг 33 сурагч нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ энэ цаг үеийн манлайлагч эрхмүүдээс гардан авлаа. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны сайд С.Чинзориг, МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ны гишүүн Г.Тэмүүлэн, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Монгол Улсын Гавъяат багш Ц.Түвшинтөгс, Гал Голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Загвар өмсөгч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин зэрэг салбартаа тэргүүлэгч эрхмүүд уриалгаар оролцож, сурагчдад иргэний үнэмлэхийн гардуулж өглөө.

Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр “ Монгол Улсын иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна. Та бүхэнд цаашдын сурлага хөдөлмөр ажилд үйлст нь өндөр амжилтыг хүсье. Монгол Улсын хөгжил ирээдүй залуус та бүхний гарт байна. Монгол Улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34,6 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна. Төрөөс залуучууд руу чиглэсэн бодлого хөтөлбөрийг оновчтой, тодорхой байлгахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна.” хэмээн онцлон хэллээ.

Мөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат 16 настнуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм. “Энэ өдрөөс эхлэн та бүхэн хүүхэд гэдэг сайхан нэрээ гээж байна. Өнөөдрөөс эхлэн та бүгдийг залуу гэж дуудахаар болоод байна. Энэ цагаас эхлээд та бүгдийн алдаа, оноо чинь өөрийнх чинь болж эхэллээ. Энэхүү сайхан үйл ажиллагаа 15 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд энэхүү уламжлалыг хадгалан та бүгдийг энэхүү төрийн их танхимд хүндэтгэн хүлээн авч байгааг уламжлахад таатай байна. Та бүгдийн дээр төр чинь байна. хажууд чинь анд нөхөд нь байна, гэрт нь аав, ээж, эмээ, өвөө нь бүгд илүү их амжилтыг гаргаасай, өвгөдийн хүрсэн бүхнийг үргэлжлүүлээсэй, дэлхийн хүн болоосой хэмээн хүсч байгаа шүү. Энэ зам мөр нь үргэлж дардан байг.” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

16 настнуудаа төлөөлөн 48-р сургуулийн 12б ангийн сурагч С.Номундарь үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Надад олон сайхан мөрөөдөл бий. Би чадварлаг дипломатч болохыг хүсдэг. Монгол орныхоо өв уламжлал, түүх соёл, ёс заншил мартаж боломгүй үүх түүхээ дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой. Үүнийхээ төлөө хичээнгүйлэн суралцаж байна. Та бүхэн ч гэсэн мөрөөдөл зорилгоо тодорхойлчихсон, мөрөөдлөө зорилго болгоод хэрэгжүүлээд явж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон хэллээ.

Мөн Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа 16 настнуудад зориулан илтгэл тавьсан бол МУГЖ Т.Ариунаа 16 насныхаа тухай дурсамжаас хуваалцаж, сурагчдад цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилтыг хүссэн.

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр “Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажилласан бөгөөд Залуусын BE брэнд, Гоо брэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажилласан юм. Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөсөн бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлэглэлээ.

andgai3 andgai1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх