Засгийн газрын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн улсын нөөцөд нэмж өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав.
Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад өвс, тэжээл хүргэхэд тээврийн зардал их гарахын зэрэгцээ цаг алдах тохиолдол бий. Иймээс Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулахаар боллоо.
Өнгөрсөн зун манай орны 80 орчим хувь нь гантай буюу гандуу байсан бол намар цас, бороо холилдон орж, өдөртөө хайлмагтан шөнөдөө хөлдсөнөөс нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт зуд болох нөхцөл хэдийнэ бүрджээ.
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг зөвшөөрлөө.
Мах импортоор авах улсын холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, аймаг, орон нутгийг бодлого, зохицуулалтаар дэмжихийг холбогдох сайд нарт даалгав.
Мөн импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан үзлэг шинжилгээнд хамруулах, экспортлох зэргийг зохион байгуулахыг нэр бүхий аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Манай улс дотоодын хэрэгцээндээ дунджаар 11 сая гаруй толгой мал хэрэглэдэг судалгаа бий. Гэхдээ малын генетик нөөцийг алдагдуулахгүйгээр зургаан сая гаруй мал экспортлох боломжтой юм.
Одоогоор манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Иран зэрэг улстай гэрээ хийж 18 мянган тонн мах гаргаад байна. Мөн БНХАУ-ын талд хүсэлт тавьж мал нядлах, мах боловсруулах 36 үйлдвэрт хянан магадлагаа хийлгэжээ.
Салбарын яам энэ онд 13,6 мянган тонн хонь, 13,8 мянган тонн ямааны мах, нийт 27,5 мянган тонн мах экспортлох тооцоо хийгээд байна.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоолоо
Монгол Улсад 2018 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралтаар баталлаа.
Хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, 20-иос дээш монгол ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын тав хүртэл хувь байхаар тогтов.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 100 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайд, 100-гаас дээш бол Засгийн газар шийдвэрлэж байх юм.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт төлбөртэйгээр хамруулж байхыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа.
2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар манай улсад 91 орны 9500 орчим гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Засгийн газар 2020 гэхэд гадаадын ажиллах хүчний тоо, хэмжээг 50 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа юм.
Товч мэдээ
– Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
– Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд П.Пеллегрини энэ сарын сүүлээр манай улсад айлчилна. Айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хоёр улсын Шадар сайд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, бизнес форум зохиохоор төлөвлөөд байна.
– Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид энхийг сахиулж байгаа “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн цэргийн багийг эгүүлэн татах тухай хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов. Эмнэлгийн хамт олон НҮБ-ын бие бүрэлдэхүүн, орон нутгийн нийт 36 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм.