Цахим орчинд өдөр бүр эерэг мэдээлэл авч байя,залуус аа

2017 оны 11-р сарын 23 өдөр, 12 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
surgalt1

Интернэтийн хязгааргүй орон зайд дураар “зугаалж”,олон нийтийн сүлжээ нийгмийн харилцааны шинэ хэлбэр болж, санхүүгийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжиж буй шинэ сонирхолтой эрин үед хүн төрөлхтөн амьдарч байна. Цахим сүлжээ,интернэтгүйгээр ажил,амьдралаа төсөөлөх боломжгүй болсон энэ цагт хэрэглээний соёлыг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах асуудалтай бас тулгарч байна. Өсвөр үеийнхэн,залуус цахим орчинд цаг заваа өнгөрүүлж,янз бүрийн мэдээ,мэдээллийг ямар ч шүүлтүүр, хяналтгүйгээр хүлээн авдаг болжээ. Мэдээллийн технологийн хөгжил нь олон давуу талыг бий болгож байгаа ч сөрөг тал бас бий.

Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, өчигдөр хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт  Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ТББ-ууд илтгэл тавьж, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг “Цахим хэрэглэгчдийн тоо, ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Халиун “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, зөвлөмж, зөвлөгөө”, Сэтгэл судлаач Н.Должин “Сэтгэл судлал ба цахим сүлжээ” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдав.

surgalt2

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Бодлогод Залуусын хяналт” ТББ-ын тэргүүн Ц.Мандхайхатан, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын тэргүүн н.Оюундарь, “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Ж.Батбаатар нар хэлэлцүүлгийг удирдаж, өсвөр үе, залуучуудын цахим сүлжээн дэх зөв, соёлтой орчинг хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар энэхүү сэдвээр жил бүр, тогтмол, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн сөрөг хандлагыг багасгаж эерэг болгох, цахим сүлжээ, орчин дахь зөв, соёлтой, боловсон хэрэглээг дэлгэрүүлэх чиглэлээр ажиллах талаар албан ёсоор мэдэгдэв. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сэтгүүлзүйн мэргэжлээр суралцах оюутан залуучуудын мэргэжлийн клубыг байгуулж, цахим орчин, цахим сүлжээний соёлтой хэрэглээг төр, иргэний нийгэм, иргэдийн төлөөллийн хамтын ажиллагаагаар дамжуулан хамтдаа бүрдүүлэх талаар танилцууллаа. Тус газрын хамт олон байгуулагдсан цагаасаа Монголын хүүхэд,залуусын хөгжил,сайн сайхан ирээдүйн төлөө зөв амьдрал руу хөтлөх зорилготой шинэлэг ажил олныг санаачилж ажил хэрэг болгож байгаагийн нэг нь энэ удаагийн хэлэлцүүлэг боллоо. Оролцогчид “Цахим орчинд өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлцгээе” уриалгад нэгдлээ.

surgalt3

Н.Дөлгөөн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх