Хөшөөжүүлэх аян мод “устгах” аянаар үргэлжилж хотын дарга аз жаргалд умбана

2017 оны 11-р сарын 17 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hushuu111

Урд шөнө хэн гээч нь Олимпийн гудамжны моднуудыг хөрөөдөөд аваад явчихав аа. Нийслэлд мод хөрөөдөөд ачаад эсвэл чирээд явж байхад хэн ч мэддэггүй байх нь. Уг нь тэр моднуудыг манай хотод ногоон байгууламж ус,агаар шиг хэрэгтэй гээд л сүржигнэж байгаад л тарьсан.   Гэтэл ганцхан шөнө түлээний мод болгоод аваад явжээ. Түүний араас харамсаж байгаа ч хүн алга. Бодвол,хотын даргын шийдвэрээр “устгал “ хийсэн байх гэж хүмүүс халаглаж байна. Учрыг тодруулахаар нийслэлийн дарга нар руу утас цохивол,гүүрэн гарц барих гэж байгаа тул аль хэдийнэ гарсан шийдвэрийн дагуу модыг огтолж байгаа гэв. Саяхан л моджуулах аянд нэгдэж хүн бүр мод тарья гэж байсан бол харин одоо тэрүүн шиг хэрэггүй  зүйл байхгүй болох цагийг бид үзэж байна. Өөрийгөө “Аз жаргалтай хотын дарга” гэж нэрлээд хөшөө босгож,тууз хайчлаад давхиад байдаг С.Батболд дарга хөдөөний хүн болохоороо сая гаруй хүнтэй хотод юу хэрэгтэй,юу хэрэггүйг тэгтлээ ухаарахгүй  хүн бололтой. Золбин нохдод спираль тавих,зүүн эргэхийг хориглох,гэрэлт гудамж байгуулах,хаалтын гэрээ байгуулах,хөшөө бариулах гэх мэтчилэн хүний санаанд оромгүй тэнэг шийдвэрүүдийг тэр л гаргаж чаддаг. Одоо мод тайруулах аянг эхлүүлэв,янз нь. Гүүрэн гарц хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ мод огтлоод оронд нь гарц хийнэ гэх нь ямар учиртай. Бас нөгөө хөшөө шиг юм болохвий. 29 сая төгрөгөөр Улаанбаатар гэдэг хөшөө хийлгэсэн  С.Батболд болон түүний нөхөд дундаас нь дажгүй хэдэн саяыг цавчсан байх магадлалтай. Учир нь мэргэжлийн хүмүүс уг хөшөөнд орсон материал,ажлын хөлсийг тооцоод өртөг нь 7 сая ч хүрэхгүй гэж  мэдэгдсэн. Нийслэлийнхээ ойг угтаж хийсэн маш том ажлуудынх нь нэг энэ болой. Хөшөөжүүлэх аян үргэлжлэх тусам хотын дарга аз жаргалд умбана ч шумбана ч. Улаанбаатарын залуус,залуу гэр бүлд зориулж гурван хөшөө босгосон нь залуусын амьдралыг сайжруулах,аз жаргалтай болгоход  чиглэсэн  асар ухаалаг шийдвэр юм гэсэн. Аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулах зорилгоор бүтээсэн аж. Гурван хөшөөг барихад 27.4 сая төгрөг болсон юм гэнэ билээ. Энэ гурван хөшөөг очиж үзээд, зургаа дэргэд нь патиардуулаад байвал залуусын амьдрал дэвжээд байх нигууртай гэх. Хөшөө босгоод л байвал улс,нийслэл маань хөгждөгсөн бол алга дарам газар үлдээхгүй хөшөөжүүлэх аянд нэгдэх ёстой байх. Тарьсан мод,бут сөөг,цэцэг навч бүгдийг тасдаж “устгаад” оронд нь хөшөөгөө ч босгодог,гарцаа ч хийдэг  цаг иржээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх