Энэ удаагийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгийн эзнээр Олимпийн алт,мөнгөн медальт Н.Түвшинбаяр тодорсныг албан ёсоор зарлав. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр түүнд шагналыг гардуулна. Тэргүүн зэргийн одон бол Монгол Улсын төрийн дээд шагнал юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Тэгвэл энэ жил “Чингис хаан” одон хүртэх эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.
Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирснийх нь дараа Н.Түвшинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон хүртээсэн. Энэ удаа түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 19-нд болно. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор 2005 онд анх удаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг шагнасан. Өнөөг хүртэл 10 эрхэм уг шагналын эзэд болсон.Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү тэргүүн зэргийн дээд шагналын эзэд болсон билээ.