Монголчууд Японы сүмод хүч үзэж олныг гайхшруулан барилдахын хажуугаар хоорондоо муудалцжээ. Японы сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрөөсөө цол багатай монгол бөхдөө гар хүрч,танхайрсан хэрэгт буруутгагдаж буй тухай Японы спортын мэдээллийн Sponichi сонин мэдээлсэн байна. Сүмогийн ертөнцийн хатуу дэг жаяг,дүрэм журмыг Харумафүжи зөрчжээ. Уг хэрэг хоёр долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 26-нд болжээ. Харумафүжи сүмоч Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн гэнэ. Харүмафүжи болсон явдлыг хүлээн зөвшөөрч, хэрэгт холбогдсондоо уучлал хүссэн талаар Japan times мэдээлжээ.
Эх сурвалжуудын ярьснаар, ёкозүна кюүшюү башёг орхих хүсэлтээ Сүмогийн холбоонд бичгээр илэрхийлсэн байна. Японы сүмогийн холбоо энэ башёд маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандоржийг тархины доргилт, гавлын ясны цууралттай гэж оношлогдсон, арваннэгдүгээр сарын 5-9-нд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
Sponichi сонины мэдээлснээр аравдугаар сарын 26-нд Тотторид тойргийн барилдаан хийх үеэр монгол бөхчүүд наргиж хөгжилджээ. Тэр үед Харүмафүжи Д.Бямбадоржид Таканоивагийн үйлдэл, зан байдал таалагдаагүй учир үл ойлголцол үүссэн байна.
Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү тэргүүтэй холбооны удирдлагууд өнөөдөр өглөө Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нарыг байцаасан байна.